Нэмэлт тун ойр, ойрхон хийлгэх нь хүний дархлааны тогтолцоонд аюултай

info@yellow.mn
2022/01/14

ДЭМБ ковидын эсрэг нэмэлт тунг олон дахин хийлгэх нь ашиггүй гэж үзэж байна

Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунг ойр ойрхон хийлгэх нь цар тахалтай тэмцэх амин чухал стратеги биш гэж ДЭМБ үзэж байна. Европын эмийн агентлаг мөн энэ санааг нь дэмжиж байгаа аж. ВВС агентлаг энэ талаар мэдээлжээ.

“Бид хэрвээ дөрвөн сар тутамд нэмэлт тун хийлгэх стартеги барьсаар байвал дархлааны тогтолцоонд асуудал үүсэх аюултай” гэж Европын эмийн агентлагийн Дархлаажуулалтын асуудал эрхэлсэн байгууллагын дарга Марко Кавальери мэдэгджээ. Тэрээр нэмэлт тунг идэвхжүүлж байгаа улсуудад хандаж, цаашдаа стратегиа бага зэрэг өөрчилж, хоорондын зайг нь холдуулан, ердийн томуугийн вакцины нэг адил хүйтний улирлыг дөхүүлж байж хийхийг уриалсан байна. Омикрон хувилбараар өвчилсөн тохиолдолд хүндэрч, эмнэлэгт заавал хэвтэж эмчлүүлэх шаардлага нь өмнөх дельта хувилбарыг бодвол 50-70 хувиар бага болохыг Европын эмийн агентлаг баталсан юм.

Британид омикроны халдвар буурч байна

Омикрон хувилбар эрчимтэй тархаж байсан Британид сүүлийн өдрүүдэд халдварын шинэ тохиолдол буурчээ. Нийслэл Лондон хотын олон дүүрэгт халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид буурсан, эсвэл нэмэгдээгүй байна. Гэсэн ч мэргэжилтнүүд омикрон хувилбар нь өндөр настан болон ужиг өвчтэй хүмүүст ноцтой аюул учруулна хэмээн болгоомжилсоор буй юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, халдварын тохиолдол цаашдаа урт хугацаанд аажмаар буурна гэж таамаглаж байна. Өнгөрсөн жил, дельта хувилбарын дэгдэлтийн үед хорио цээрийн хатуу дэглэмд шилжин тархалтыг богино хугацаанд хумьж байв.    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.