Баянгол дүүргийн Дотоод аудитын албанаас дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын албан хаагчдад үзүүлэх сургалт зохион байгууллаа

info@yellow.mn
2025/05/30

Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Баянгол дүүргийн Дотоод аудитын албанаас санаачлан Сангийн яамтай хамтран Сангийн яам болон бусад 12 яам, Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газар, 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн Дотоод аудитын алба Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын 250 орчим албан хаагчид үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Энэхүү үзүүлэх сургалтад Сангийн яамны Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга С.Отгонбаяр,  Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Наранчимэг,  Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Ерөнхийлөгч, Баянгол дүүргийн Дотоод аудитын хорооны хөндлөнгийн гишүүн Д.Нацагдорж,  IIA Mongolia Chapter, Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол банкны Дотоод аудитын газрын захирал А.Шижирмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо. Арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Наранчимэг “Жил бүрийн 5 дугаар сар Дотоод аудитыг сурталчлах сар байдаг. Бид өмнөх жилүүдэд дүүргийн хэмжээнд “Дотоод аудитыг сурталчлах сарын аян”-аа зохион байгуулж ажилладаг байсан бол энэ жил Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж, шилдэг мэргэжилтнүүдээс суралцах, мэдээ мэдээлэл олж авах салбарынхаа мэргэжил нэгт аудиторуудтай уулзаж танилцах боломжийг олгож байгаадаа баяртай байна. Дотоод аудитын олон улсын мэргэжлийн практикийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, үндсэн зарчмууд, чанар болон байнгын сайжруулалтыг үлгэрлэн харуулах, үр дүнтэйгээр харилцах, санаачилгатай, ирээдүйд чиглэсэн байх, харилцан туршлага солилцох зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа” гэсэн юм. 

Дотоод аудит нь аливаа асуудлыг олж илрүүлэн тайлагнахаас гадна байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаажуулалт өгөх, зөвлөх үйлчилгээ бөгөөд эрсдэлд суурилсан арга хандлагаар засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцыг үнэлж, сайжруулан байгууллагыг зорилгодоо хүрэхэд нь тусалдаг юм.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна