Энэбиш, Ард аюушийн өргөн чөлөө дагуу, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлж байгаа зөрчлийг арилгана

info@yellow.mn
2025/09/10

Баянгол дүүргийн 14, 15-р хороо, Энэбишийн өргөн чөлөө дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд иргэд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа эрхлэх болсон. Үүнтэй холбоотойгоор 2025 он гарсаар дүүргийн холбогдох хэлтсүүдэд нийт 130 гаруй иргэнээс ил задгай худалдаа эрхлэгчдийг болиулах, зорчих хэсгийн зам талбайг чөлөөлүүлэх талаар санал, гомдол ирсэн юм.


Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг даргын "Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөө чөлөө дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" А/466 тоот захирамж гарсан бөгөөд өчигдөр дүүргийн Хүнс Худалдаа үйлчилгээний хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс,  Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс болон дээрх хороодын Засаг дарга, Ажлын алба хамтран ил задгай худалдаа эрхэлдэг 60 гаруй иргэнтэй уулзаж, дүүргийн Засаг даргын Захирамжийг танилцууллаа.

Ингэхдээ дээрх захирамжийг хэрэгжүүлснээр,

  • Нэгдүгээрт: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган болон дугуйн замыг чөлөөлж иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автобусны буудал орчмын зохиомол түгжрэлийг бууруулах,
  • Хоёрдугаарт: Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө дагуух ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг таслан зогсоох, ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх,
  • Гуравдугаарт: Дээрх өргөн чөлөө дагуу бусдын хөдөлгөөнд саад учруулж, иргэдийн автомашин түр зогсох боломжийг хязгаарлаж байгаа тээврийн хэрэгслийн эзэн холбогдогчийг олж тогтоох, тухайн зорчих хэсэг, гудамж зам, зогсоолыг чөлөөлөх, эзэн холбогдогч нь тодорхойгүй тээврийн хэрэгслүүдийг зөөж, шилжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, газрын зөрчил арилгах ажлыг зохион байгуулах зэрэг ажлыг үе шаттай хийнэ гэдгийг онцоллоо.


Мөн уулзалтын үеэр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд ил задгай худалдаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож,  цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна