БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

info@yellow.mn
2025/06/26

Баянгол дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд өнөөдөр 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа  хэлэлцүүллээ.

Тайлангийн хуралд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, үндсэн болон дэргэдэх хэлтсийн дарга нар танхимаар, хороодын Засаг дарга нар цахимаар оролцлоо.  Тайлангийн хуралд төрийн тусгай чиг үүргийн 4 байгууллага, төрийн бүртгэл, хяналт,санхүү, инновацын 7 байгууллага, нийгмийн хөгжлийн салбарын 11 байгууллага, Тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын 5 байгууллага оролцож хагас жилийн ажлаа тайлагнаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцүүллээ.  
 
102 УТСАНД НИЙТ 33476 ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛСЭН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 0,2 ХУВИАР БУУРЧЭЭ



Хурлын эхэнд Төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд болох дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсээс мэдээлэл өглөө. Тухайлбал, Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр энэ оны эхний 5 сарын байдлаар иргэн, аж ахуй нэгж байгууллагаас тусгай дугаарын 102 утсанд нийт 33476 дуудлага мэдээлэл ирүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 69 буюу 0,2 хувиар буурсан байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд:

  • Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 98 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10,9 хувиар буурсан,
  • Бүлгээр үйлдсэн гэмт хэрэг 84 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 47,4 хувиар нэмэгдсэн,
  • Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 723 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 21 нэгж буюу 2,8 хувиар өссөн дүн мэдээтэй байна.

Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсээс энэ оны эхний хагас жилд гал түймрийн 153 дуудлага ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 дуудлагаар нэмэгдсэн.

  • Гал түймрийн улсын хяналтын байцаагч нийт 720 объектыг шалгахад 2880 зөрчил илэрсэн. Үүнийг 1288 зөрчлийг гэсэн мэдээллийг өглөө.

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР 9 БАЙРШИЛД ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАЛАА



Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл өглөө.
ТУС АЛБА 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД:

  • Дүүргийн Засаг даргын Газар зохион байгуулалтын чиглэлээр гаргасан захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах тухай 4, хүчингүй болгох тухай 5 гээд нийт 9 газрыг цуцалсан байна.
  • Нийтийн эдэлбэр газарт тохижилт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн 20 хорооны 16 байршилд 1.69 га газрыг чөлөөлүүлэхээр төслөө боловсруулж Нийслэлийн ИТХ-д өргөн барихаар хүлээж байна.
  • Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дүгээр захирамжийн хүрээнд дүүргийн 25 байршилд нийт 402 гараашийг буулгаж 0.7га газар чөлөөлсөн байна.
  • Мөн дүүргийн 25 байршилд нийт 893 метр хашаа, хайс буулгаж газар чөлөөлөлтийн ажил хийсэн байна.
  • Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд 190 байршилд 293 ТҮЦ нүүлгэн шижлүүлсэн байна.

 
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛАХ ОРЛОГЫН БИЕЛЭЛТ 97 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА  



Дүүргийн Татварын хэлтсээс энэ оны 5-р сарын 31-ний өдрийн байдлаар улс, нийслэл, дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл ямар хувьтай байгааг танилцууллаа. Ингэхэд,

  • Улсын төсөвт оруулах төсвийн орлогын биелэлт 97 хувь,
  • Нийслэлийн төсөвт оруулах төсвийн орлогын биелэлт 108,9 хувь,
  • Дүүргийн төсөвт оруулах орлогын биелэлт 85,2 хувьтай байна гэсэн мэдээллийг өглөө.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар татвар төлөгчийн үндсэн бүртгэлтэй 36,740 ААНБ, төрлийн бүртгэлтэй 2471, татвар төлөгч 172,238 иргэн байна.
Мөн 2025 оны эхний таван сарын байдлаар 3242 үл хөдлөх хөрөнгийг шинээр бүртгэсэн бол үл хөдлөх хөрөнгө эзэмшигчээс түрээсэлдэг 680 татвар төлөгч, Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэгчээс түрээсэлдэг 549 татвар төлөгчийг мэдээллийн санд бүртгэсэн байна.  
 
ДҮҮРГИЙН 299 ИРГЭНИЙГ БАЙНГЫН АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖЭЭ



Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2025 оны эхний хагас жилийн ажлын тайлангаа танилцууллаа. Тус хэлтсээс энэ оны эхний 6 сарын байдлаар 2004 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулсан байна. Ингэхдээ,

  • 660 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэл,
  • 240 иргэнд хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээ,
  • 299 иргэнийг байнгын ажлын байраар хангах,
  • 65 иргэнийг түр ажлын байраар хангах,
  • 14 иргэнд жижиг зээл олгох үйлчилгээг тус тус үзүүлсэн байна.   

Түүнчлэн энэ оны эхний 6 сарын байдлаар 117 иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд ингэхдээ

  • 64 иргэнд ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжлэг үзүүлснээс өнөөдрийн байдлаар 61 нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд 45 иргэний эргэн төлөлт хэвийг явагдаж байгаа,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгийг 47 иргэнд үзүүлснээс одоо үйл ажиллагаа явуулж байгаа нь 43. Үүнээс эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа нь 29,  
  • 77 иргэнд санхүүгийн дэмжлэг олгосноос одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа 168, үүнээс эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа 120 иргэн байна гэсэн юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна