Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцлоо. Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Миний бие Ерөнхий сайдаар томилогдсон цагаас нийгмийн түншлэл, түншлэлийн талуудад хүндэтгэлтэй хандан, хамтран ажилласаар ирсэн. Инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмж, хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40, аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн цалингийн 20 хувиар тооцож нэмэгдэл олгохоор болсон” гэлээ.
Мөн Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2023-2025 оны Улсын хэлэлцээрээр тохирсон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл хийх, тэтгэврийн зөрүүг арилгах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах, хөдөлмөр, нийгмийн халамж, даатгалын үйлчилгээг цахимжуулж, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх үүргээ амжиллтай хэрэгжүүлснийг тэмдэглэв.
Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх ажлын хэсэг байгуулсан. Энэ удаагийн уулзалтаар тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим зүйл заалт, салбарын болон нийслэл, аймгуудын хэлэлцээрүүдийн хэрэгжилт, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, гарц гаргалгааг хамтран ярилцлаа.
Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөллүүдийн байр суурийг хүргэе.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргая гэж ярилцсан. Энэ хүрээнд гурван талт хэлэлцээрийнхээ саналыг холбогдох газруудад хүргүүлсэн. Зарим асуудлыг хуулиар шийдвэрлүүлэх шаардлага байсан. Хамгийн түрүүнд, цалин, тэтгэвэр тэтгэмжийг түүхэндээ хамгийн өндөр хувиар нэмэгдүүлсэн. Мөн олон жил ярьсан бүсийн нэмэгдлийг олгож байна. Энэ нүдээ олсон шийдвэр. Үйлдвэрчний эвлэл бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа ч оролцооны асуудал байна.
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл:
Шинжлэх ухааны салбарын тухай хуулийг батлуулах шаардлагатай байна. Энэ салбарт ажлын ачаалал, оюуны үнэлэмж маш доогуур байдаг. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс доогуур, үүнд дорвитой арга хэмжээ авахыг хүсч байна.
Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор: Манай салбарын цалинг өнгөрсөн нэгдүгээр сард нэмэхээр тусгасан. Гэхдээ одоогоор ялгаатай байдал хэвээр байна. Уул уурхайн салбар нийт экспортын 93 хувийг бүрдүүлдэг хэр нь хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Илүү цагийн хөлсөө жигд авдаггүй.
Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга М.Болдсайхан:
Төр ялгавартай шийдвэр гаргаж байна. Тухайлбал, орон сууцны ипотекийн зээлийн хүү харилцан адилгүй байгаа. Залуус ялгавартай шийдвэрийг арилгаж өгөхийг хүсч байна.
Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир: Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1.3 сая хүн байгаагийн 80 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Засгийн газар ногоон санхүүжилтийг дэмжихдээ хамтын гэрээ хэлэлцээртэй байгууллагуудыг түлхүү дэмжвэл зүгээр байна. Хөрөнгө оруулалт хийж буй компани руу бодлогоо чиглүүлэх нь чухал.
Баянхонгор аймгийн ҮЭХ-ны дарга н.Гүрсэд: Хөдөлмөр нийгмийн түншлэлийг орон даяар шинээр авч үзэх хэрэгтэй байна. Нэгдүгээрт, аймаг, сумын хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийг төрийн бодлогын баримт бичиг болгох чухал. Аймаг, сумын төрийн албан хаагчдын цалинг нэмсэнд талархаж байгаа ч цалин, хөлсний ялгаатай байдал хэвээр байна. Аймгийн төвд ажиллаж буй төрийн захиргааны ажилтнуудын таван жилийн урамшуулал энэ оны төсөвт суугаагүй байх жишээтэй.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ, аймаг, нийслэлийн удирдлагуудын хамт Үйлдвэрчний эвлэлүүдийн үгийг сонсож, ярилцаж байна гэдэг нэгдсэн ойлголтод хүрэхэд ойрхон байна гэсэн үг. Асуудлаа хэлэлцээд үе шаттай шийдээд явах нь чухал. Өнөөдөр яригдсан асуудлуудыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ-той хамтраад тавдугаар сарын 1 хүртэл дүгнэе. Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эрх зүйн орчныг шинэчлэхийг Засгийн газар дэмжинэ” гээд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ саналаа нэгтгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов. Мөн хамтын хэлэлцээр байгуулаагүй Сэлэнгэ, Говьсүмбэр, Өмнөговь, Архангай аймаг тавдугаар сарын 1-ний дотор хэлэлцээрээ шинэчлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна