Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран Нүүдлийн урлан солилцооны хөтөлбөрийг “Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн наадмын хүрээнд 2024 оны 6 сарын 12-22-ны өдрүүдэд Тэрэлж болон Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
МУЗ нь Монголын залуу уран бүтээлчдэд шинэ уран бүтээл туурвих орон зайг бий болгох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2008 оноос хойш “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урланг дүрслэх урлаг, хөгжмийн урлагийн чиглэлээр жил бүр зохион байгуулж ирсэн. 2024 оноос уг хөтөлбөр нь бүжгийн урлагийн чиглэлээр анх удаа зохион байгуулагдаж, Монгол-Солонгосын бүжигчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, орчин үеийн бүжгийн шинэ бүтээл хамтран туурвих боломжийг олгож байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрт Улаанбаатар театрын 5 бүжигчин, Солонгосын “Mүдэн” хамтлагийн 6 уран бүтээлч оролцож, Горхи-Тэрэлжийн үзэсгэлэнт газруудаар аялан, чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон, байгалиас онгод урам авч, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн орчин үеийн бүжгийн хэмнэлээр шинэ бүтээлийг хамтран туурвина.
Солонгосын “Modeun” буюу “Мүдэн” компани нь "бүгд" гэсэн утгатай үг бөгөөд бүх урлагийг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Орчин үеийн бүжгийн хязгааргүй боломж дээр эцэс төгсгөлгүй судалгаа эрэл хайгуулыг хийдэг бүжгийн компани юм. Тус компани нь жинхэнэ бодит уран бүтээлийг орчин үеийн хэллэгээр бүтээлдээ тусгаж, тайзны тоглолт, гудамжны тоглолт, бүжгийн кино, урлагийн боловсрол зэрэг өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, уран бүтээлээ үзэгчдэд толилуулдаг бүжгийн продакшн юм.
Хөтөлбөрийн үр дүнд Монгол Солонгос уран бүтээлчдийн хамтарсан орчин үеийн бүжгийн тайлан тоглолтыг 2024 оны 06-р сарын 20-нд 19:00 цагт ганцхан удаа Улаанбаатар театрын тайзнаа олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулна.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 11-319015 утсаар авна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна