Ж.Бат-Эрдэнэ: Малчдыг олноор нь дэмжих боломж бол Засгийн газрын хоршоолох хөдөлгөөн юм

info@yellow.mn
2024/05/17

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Шинэ хоршоо ба малчдын санал” хэлэлцүүлэгт оролцов. Тэрээр Засгийн газраас орон даяар хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөн цаг үеэ олсон, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай, олон айл, малчны ахуй байдлыг дээшлүүлэх боломж гэж харж байна гэлээ. Түүний байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Өнгөрсөн өвлийн цас зудын байдлаас дүгнэхэд малчдын амьжиргааг сайжруулах, мал аж ахуйг дээш нь татах зайлшгүй шаардлага гарлаа. Би 2017 оноос хойш “Шинэ хөдөө” хөтөлбөр хэрэгжүүлээд явсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гол зорилго нь малчдын ахуйг дэмжих, мал аж ахуйгаас ашиг олох, түүнийг нь боломжтой хэлбэрээр дэмжих, малын гаралтай түүхий эд боловсруулдаг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Өнөөдөр мал аж ахуй маань ямар төвшинд байна вэ гэхээр яг үнэндээ зэрлэг мал аж ахуй гэж нэрлээд байгаа юм. Учир нь малчид маань мал аж ахуйгаасаа ашиг орлого олж байгаа юм үнэндээ алга. “Мал дагавал ам тосодно” гэсэн эртний сайхан үгээр л мал маллаж амьдарч байгаа болохоос биш үнэндээ ашиг орлого олж сайхан амьдарч байгаа юм алга. Гэрийнхээ гадаа нэг мотоцикл, нэг машин тавьчихаараа л боломжийн айл мэт харагдаад байдаг. Яг үнэндээ хамаг малаа зарж байгаад оюутан хүүхдээ сургаж байна. Малчдын маань амьдрал үнэхээр доогуур байгаа нь үнэн. Олон жил мал аж ахуйг дээш нь татахгүйгээр зуд турхан болсон үед хэдэн боодол өвс аваачиж өгдөг, түүнийгээ улстөрчид, малчид маань ч хэн хэн нь тус дэм боллоо гэж боддог. Ингэж явсаар мал аж ахуйн салбар цаашид хөгжих ямар ч бололцоогүй болчихоод байна. Наад зах нь мал малладаг залуусгүй, мал дээр амьдарч байгаа ахмадуудын маань үе уламжлах бололцоо хаагдаад байна. Мал аж ахуй хана мөргөөд зогсчихсон яг энэ үед Засгийн газар хоршоожих хөдөлгөөнийг дэмжээд явах нь зөв гэж үзсэн. Ингэхдээ малчин Дорж, Дондог гээд тухайлсан нэг хүнийг дэмжихээс илүүтэй хоршоолчихвол ногоон тэжээл тарих боломжоор дэмжээд өгье, трактор тоног төхөөрөмжийг нь өгье гэх мэтээр асуудлыг шийдвэл олон малчныг дэмжих боломжтой болно гэж үзэж байгаа юм. Иймд Засгийн газрын хоршоолох хөдөлгөөн бол олон айл, олон малчныг дэмжих боломж гарч ирж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна