Үнэтэй зангианы цуглуулгатай Д.Занданбатын өнгөн дээр Үндэсний аудитын газар авлига, хээл хахуулийн уурхай болж хувирсан уу?

info@yellow.mn
2023/11/13

Төрийн аудитын байгууллагыг шүдгүй арслан гэж нэрлэдэг байсан үе бий. Тухайн үед төрийн санхүү, төсөвт хяналт тавьж тайлан, дүгнэлтээ гаргаад хариуцлага тооцож чадахгүй ч гэсэн алдаа, дутагдлыг илрүүлээд байдаг байсан бол өнөөдөр харин алдааг олж залруулах нь битгий хэл нүдэн дээр нь ил тод байгаа зөрчлийг илрүүлэх чадваргүй болсон байна гэхэд хилсдүүлсэн болохооргүй байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л нийгмийг бүхэлд нь бухимдуулсан “ногоон автобус”-ны асуудлын талаар Д.Занданбат даргатай аудитынхан юу ч дуугарсангүй. 

Энэ мэтээс харахад аудитын байгууллага асуудал болж өнгөрсөн хойно араас нь шалгах ёстой байдаг уу гэх ойлголт төрж байна. Нөгөөтэйгүүр ҮАГ-ынхан жил бүр төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр санхүүгийн шалгалтыг хийж, дүгнэлтээ гаргадаг байтал энэ талаар гаргасан тайланд нь нэг ч өгүүлбэр байхгүй байгаа нь бүр ч гайхалтай.

Мөн аудиторуудын мэдлэг, ур чадварын талаар шалгагдагч байгууллагууд хоорондоо жиг, жуг хийж шоолдог болсон нь нууц биш асуудал болжээ. Учир нь аудиторууд шалгах гэж байгаа асуудал, үйл ажиллагааныхаа талаар ямар ч судалгаа, тооцоолол хийдэггүйгээр үл барам дүрэм, журам холбогдох хуулиа уншдаггүй, цээжний пангаар, өөрийн үзэл бодлоо тулгадаг, дарамталдаг байдал газар аваад байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар  эрхэм аудитор Д.Занданбат мэддэг болов уу?

Аудитын байгууллага хараат бусаар ажиллах ёстой гэж лоббидож гүйсээр сүүлийн 4 жилийн хугацаанд хоёр ч удаа цалингаа нэмүүлээд авсан энэ байгууллага үр дүнтэй ажиллаж байгаа нь үнэндээ эргэлзээтэй. УИХ-ын харьяа байгууллагын нэг болох энэ байгууллагын хамгийн шинэ, залуу ажилтан өнөөдөр сард 3,0 сая төгрөгийн цалин авдаг гэх. Системийн хэмжээнд 500 гаруй албан хаагчтай гэж бодоход төсвөөс хэдэн төгрөгийг зөвхөн цалингийн зардалд гаргаж байгааг бодоход чамлахааргүй тоо гарна.

ҮАГ-ын тухайд мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан холбогдох заалтуудыг огт хэрэгжүүлэхгүй байгаа нь мөн анхаарал татаж байгаа юм. Аудитын тайлан баталгаажих бүрд мэдээллээ олон нийтэд мэдээлэх ёстой байтал албан ёсны сайтад нь нэг ч мэдээлэл ил биш байгаа нь ингэж хардах үндэслэл болж байна. УИХ, Байнгын хороодод танилцуулга хийхдээ өч, төчнөөнөөр аудит хийлээ гэж уран цэцэн үгсийг урсгадаг атлаа чухам ямар зөрчлийг хэн гээч этгээд, хэзээ хэрхэн гаргаад байгааг нуусан байдалтай байгаа нь Үндэсний аудитын газарт авлига, хээл хахуулийн асар том уурхай үүссэн байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

Эцэст нь УИХ-ын дарга Г.Занданшатараас УИХ өөрийн харьяа энэ мэт байгууллагуудын толгойг илж, ажлынх нь үр дүнг нэхэлгүй явсаар л байх уу? Төсвийн мөнгө үр ашиггүй урссаар байх нь зүгээр үү гэж зориуд тэмдэглэн асуумаар байна.

YELLOW.MN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна