Ч.Хүрэлбаатар: Б.Пүрэвдорж оо, явуургүй улс төр хийдгээ боль

info@yellow.mn
2023/05/29

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Гэтэл өнөөдөр парламентын толгой дээр Засгийн газар гарч суусан. 2024 оны төлөвлөгөөг Засгийн газар тэр чигээр нь явуулах ажлыг ЭЗБХ хийж байна. Ажлыг хэсэг дээр УИХ-ын гишүүдээс нууж байгаад санал гаргасан. УИХ-ын гишүүн бол байнгын хороонд саналаа гаргах ёстой. Үүний дагуу хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай зам буюу баруун аймгийн төв замыг Хөшөөтийн замтай холбох замаар Ховд аймгийн сумуудыг баруун аймгийн төв замд холбох санал гаргасан. Харамсалтай нь, Засгийн газрын гишүүдийн саналаар унаж байна. Засгийн газар УИХ-ын гишүүдийн саналыг авахгүй гэж ингэж байх шиг байна. Засгийн газар өөрсдийнхөө эрх мэдлийн төлөө Үндсэн хуулийг өөрчилж гишүүд давхар дээлтэй болсон. Давхар дээлтэй 20 сайд ажиллаж байна. Тэр сайд нар гурав гурван гишүүн хариуцаж авдаг юм шиг байгаа юм. Тэгээд гишүүдээ дуугаргадаггүй, толгой дээр гарсан. 

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: -Та санал гаргаж байгаа бол саналаа л гарга. Хажуугаар нь Засгийн газар руу дайрдаг нь ямар учиртай юм бэ . Дандаа явуургүй улс төр хийх юм. Тэгээд яах юм. Ховд аймгийн бүх сумаас гуравхан сум баруун аймгуудын төв замд холбогдоогүй, үлдсэн сумыг нь холбоё гэдэг саналаа гаргаад зүгээр л ярь л даа. УИХ-ын дээр гарсан Засгийн газар гэж хаана байгаа юм. Улс төр хийж болно. Гэхдээ аймгийнхаа нэг сум руу зам тавиулахын тулд бүхэл бүтэн Засгийн газрыг доромжилж болохгүй шүү дээ" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна