Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.01.13) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм.
Төсөл санаачлагч Монгол Улс эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг болон аж ахуй нэгжүүдийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан гэдгийг танилцуулгынхаа эхэнд дурдав. Гэвч энэ хөрөнгө оруулалтууд зорилтот салбар, бүлэгтээ тэр бүр хүрч чадахгүй, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин, нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдэд олгуулж, энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гарсаар байгаа гэв. Иймд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан тэдгээрийн хамаарал бүхий этгээд эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор төрөөс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг тусламжид хамрагдахыг хориглосон зохицуулалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төрийн өндөр албан тушаалтанд тодорхой хориглолт, хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгаж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу анхны хэлэлцүүлгийн үед хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэх боломжтой эсэх талаар,
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр төрийн өндөр албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг, тусламж авахыг хориглосон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байх бвгөвд хамаарал бүхий этгээд гэдэг өргөн утгатай ойлголт байдаг, хэрэв хамаарал бүхий этгээд нь төрөөс ямар нэг дэмжлэг, тусламж авсан тохиолдолд төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар,
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хууль батлагдсанаар гарах үр дагаврын талаар асуулт асууж. хариулт авсан болохыг нэгдсэн хуралдаанд Ц.Мөнхцэцэг танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр уг хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүйг мөн дурдлаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь дэмжсэн.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Ш.Адьшаа гишүүнээс хариулт, тайлбар авав. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 51 гишүүний 78.4 хувь нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна