2022 онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэн хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд нийслэлийн удирдлагууд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд бүтээн байгуулалт хийж буй газруудад удаа дараа очиж ажилласан. Дугуй цагаан орчимд хувийн хэвшилд тодорхой хугацаа өгсний үндсэн дээр тохижилтын ажлыг хуулийн хүрээнд эхлүүлсэн. Бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд тохижилтын ажил хийсэн. “Асем Вилла” хотхоны баруун хойд талд, Туул голын эргийн дагуу тохижилт 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Бага тэнгэрийн 3.8 га газарт иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажил хийсэн. Богд хааны ордон музейн гадна талд тохижилт хийж байгаа. Дэлхийн томоохон хотууд түүхт газруудаа хадгалж, хамгаалж, орчин үеийн шийдэл бүхий үзэмж сайтай тохижилт, үйлчилгээг бий болгодог.
Мөн дүүрэг бүрд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Дүүргийн удирдлагууд үүнд анхаарч, нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй зөв ойлголцож, тодорхой гэрээ, дүрмийн хүрээнд ажиллах бололцоог эрэлхийлэх хэрэгтэй.
Засаг даргын хувьд нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа сурталчилгааны самбар, хашаа, хайс буулгах, явган хүний зам өргөтгөх гэх мэт ажлуудад ач холбогдол өгч ажилласан. Гарааш буулгах ажил үргэлжилж байна. Гарааш орчимд гэмт хэргийн гаралт их байдаг. Иймээс орон сууцны хороолол дундах гараашийг буулгах, өнгө үзэмж бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хашаа хайс буулгаснаар явган хүний замыг өргөтгөх ажлыг хийж байна. Эдгээр ажил цаашид үргэлжилнэ. Явган хүний замыг 3-7 метрийн өргөн болгож байгаа. Явган болон дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлнэ. Иргэд маань ч ногоон байгууламж, явган, дугуйн замыг нэмэгдүүлэх ажлыг дэмжиж байгаа” хэмээлээ.
Мөн Хотын дарга нийслэлийн удирдлагууд аль болох иргэдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байгааг дурдсан юм.
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ГАДНА ТАЛЫН ТОХИЖИЛТ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг хүргэе. Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 орчим улиас модыг хэлбэржүүлж, нийт 6600 метр квадрат талбайг зүлэгжүүлээд байна. Мөн 11500 метр квадрат талбайд зүлэгжүүлэлт, 404 метр квадрат талбайд бетон цутгалт, 670 метр квадрат талбайд тойрог замын бетон цутгалт хийнэ. Харин Дугуй цагаан орчимд байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламжийн төлөвлөлт, тохижилтын ажил үргэлжилж байна. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайд байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц байдлаар, байгальд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Дугуй цагаан орчмын явган хүний замын өргөн 3.5 метрээс багагүй байхаар, байгалийн чулууг ашиглан хийж буй.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Богд хааны ордон музейн хашааг дөрөвдүгээр сарын 8-нд буулгасан. Буулгасан хашааны оронд 2840 гоёлын бут тарьж, ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилт хийж байгаа. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна.
17.6 КМ ХАШАА, ХАЙС ЧӨЛӨӨЛӨВ
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийт 376 байршлын 20.2 км газар чөлөөлөх ажлыг тавдугаар сарын 9-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Есдүгээр сарын 30-ны байдлаар нийт 333 байршилд 17.6 км хашаа, хайс чөлөөллөө. Ажлын явц 88 хувьтай байна.
3719 ГАРААШ БУУЛГАЛАА
Нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгах ажил гуравдугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 146 байршилд 3719 гарааш буулгаад байна. Энэ ажил өнөөдөр 76.5 хувьтай үргэлжилж байгаа юм. Энэ онд гарааш буулгасан 70 байршлын талбайд тохижилтын ажил хийнэ. Ойр байршилтай газруудыг нэгтгэн 47 байршилд цогц тохижилт хийж буй гэсэн үг. Зарим газар чөлөөлсөн талбайг цэцэрлэгийн эдэлбэр газарт бүртгэж, багачууд тоглож наадах орчин бүрдүүлсэн нь ч бий. Зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудад тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байна.
НАЙМАН БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ЗАСАЖ, ШИНЭЧЛЭЭД БАЙНА
Улаанбаатар хотын 13 байршил дахь нийт 16.6 км гудамжинд 80,000 метр квадрат явган хүний болон дугуйн замын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс найман байршилд 41000 метр квадрат явган хүний замыг засаж, шинэчлээд байна. Хүн амын нягтаршил өндөртэй, түгжрэл, зорчилт ихтэй замуудыг сонгон засаж байгаа. Түүнчлэн эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байна гэж үзсэн. Иймээс дээрх байршлуудад явган болон дугуйн замыг тохижуулан, шинэчилж байгаа юм. Явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж буй. Явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна