"Тавантолгой түлш" ХХК сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эдийг төмөр замаар тээвэрлэж эхэллээ

info@yellow.mn
2022/09/13

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн анхны хүнд даацын төмөр замын нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийн хэлж, энэ төмөр замыг хөгжлийн зам гэдгийг онцолсон билээ. Энэ үйл явдалтай шил даран Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эдийг төмөр замаар тээвэрлэж эхэллээ.

“Энержи ресурс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээ нийслэлчүүдэд үнэ төлбөргүй өгч буй. Тавантолгой түлш ХХК-ийн хамт олон угааж баяжуулсан нүүрсийг Тавантолгой төмөр замын гаалийн талбайд овоолго үүсгэж, тэндээсээ төмөр замаар тээвэрлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүллээ. Тавантолгойгоос нүүрс ачсан галт тэрэг 460 гаруй км замыг туулж Улаанбаатарыг чиглэсэн төмөр замтай нийлнэ. Ингэхдээ Тавантолгой төмөр зам-Монголын төмөр зам-Улаанбаатар төмөр зам гэсэн гурван байгууллагын эзэмшилд буй ган замаар дамжиж 7-8 хоногийн дараа Улаанбаатар хотод хүрнэ. Анхны тээвэр учраас тэд хоног яваад тэдний өдөр очно гэсэн нарийн хугацаа хэлэх боломжгүй аж. Харин энэ тээвэр амжилттай болсоноор дараа дараагийн тээврийн хугацаа нарийвчлан тодорхойлогдоно. Хамгийн чухал нь тээврийн зардал тонн тутамдаа 40 хувиар буурах боломжтой гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Лхагвасүрэн хэлж байна.

Тээврийн зардал буурахаас гадна хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл ч буурах юм. Мидлинг тээврийн ажлыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дундговь, Төв аймгийн нутгаар дамжуулан авто замаар тээвэрлэдэг. Шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн цагаас хойш авто замаар тээвэрлэж буй.  Хүнд даацын автомашины хөдөлгөөн их байгаа нь замын даацад сөргөөр нөлөөлж, зам эвдрэх, эдэлгээний хугацаа богиносохоос эхлээд хүний амь нас эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэл бишгүй. Тиймээс төмөр замаар хэдий хэмжээний тээвэр хийнэ тэр хэрээр байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурна гэсэн үг юм.

Төмөр замын тээврийг эхлүүлснээр авто замаар тээвэрлэж байгаа тээврийг зогсооно гэсэн үг биш ээ. Тавантолгой өртөөнөөс хөдөлсөн 50 вагон буюу 3500 орчим тонн нүүрс нь нийслэлчүүдийн нэг хоногийн л хэрэгцээг хангахуйц шахмал түлш болно. Тэгэхээр авто замын тээврийг зайлшгүй давхар хийх учиртай. Мөн нөгөө талдаа нүүрс ачих вагоны тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан нар Тавантолгой түлш ХХК-д ажиллах үеэрээ хэлсэн билээ. Хэдий даацын төмөр замаар тээвэр эхлүүлж байгаа ч Улаанбаатар төмөр замын даац нь вагоны нэг тэнхлэгт ногдох даацын хэмжээ нь тодорхой хязгаартай байдаг аж. Тиймээс нэг вагонд 65 тонноос хэтрүүлэхгүй ачих ёстой гэнэ.

Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг 34 компани 300 гаруй тээврийн хэрэгслээр тээвэрлэж байна. Тодорхой нөөц бүрдүүлсний дараа авто замаар тээвэрлэж байгаа нүүрсний хэмжээг төмөр замаар тээвэрлэж эхэлбэл машинаар зөөх асуудлыг бүрэн зогсоох аж.

Төмөр замаар тээвэрлэн ирсэн түүхий эдийг баруун, зүүн үйлдвэрийн бүсэд буулгана. Өнгөрөгч долдугаар сараас эхлэн өндөрлөсөн тавцан бүхий төмөр замыг барих ажлыг эхлүүлсэн. Баруун бүст байсан хуучин төмөр замыг даацын бетон суурьтай болгож засч янзалсан бол зүүн бүст шинээр бүрэн цутгамар даацын тавцан бүхий төмөр замыг ашиглалтад оруулаад буй. Ирэх сарын дундуур бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн хэллээ.

Ийнхүү хөгжлийн төмөр замаар дамжуулан сайжруулсан шахмал түлшний тээврийг амжилттай эхлүүллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна