Тавантолгой түлшийн үйлдвэрийг засварлаж байгаа гэв

info@yellow.mn
2022/04/01

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороон дахь “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарсан. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард үйлдвэрийн нэгдүгээр цех болон савлагааны цех галд өртсөн.

Одоогоор үйлдвэрийг засварлаж байгааг “Тавантолгой” ХХК-иас мэдээлэв. Тус газрын өгсөн мэдээллээр “Галын улмаас түлшний нөөц, үйл ажиллагаа доголдоогүй. Тухайн үед өөр нөөц шугамаар орлуулж ажилласан. Ерөнхийдөө үйлдвэрийг засварлах ажил дуусах шатандаа байна” гэлээ.

Мөн галын шалтгаан нөхцөлийн талаар тухайн үед нийслэлийн Цагдаагийн газар, СХД-ийн Цагдаагийн газар, гал түймрийн шинжээчдийн бүрэлдэхүүн ажиллаж байгааг мэдээлж байв. Энэ талаар нийслэлийн Цагдаагийн газраас тодруулахад “Галын дүгнэлтийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй мэдээлнэ. Иймд одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Дашрамд дурдахад, "Тавантолгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг маргаашаас 3750 төгрөгөөр буюу өмнөх үнээр борлуулна. Засгийн газрын шийдвэрээр гэр хорооллын айл өрхүүдийн түлшний үнийг хүйтний улирал дуустал буюу 50 хувийн хямдралтай үнээр нэг шуудайг нь 1875 төгрөгөөр өнөөдрийг хүртэл борлуулж байв. Одоогоор түлшийг 600 гаруй цэгт борлуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна