Г.Гангамөрөн: ЖДҮҮ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг японы зах зээлд борлуулж эхэллээ

info@yellow.mn
2022/01/12

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тоног төхөөрөмжийн буцалтгүй дэмжлэг үзүүллээ-

Энэ сарын 1-нээс эхлэн Япон Улсын www.sto-ory.com сайтаар дамжуулан нийслэлийн 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулж эхэлсэн. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээж буй онцлох боломжуудын тухай Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа.

-Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөс сүүлийн үед хийж буй онцлох ажлуудын талаар яриагаа эхэлцгээе. -Зөвхөн төсвийн хүрээнд хийх ажлуудаас илүүтэй олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. 15 орчим байгууллагатай санамж бичиг байгуулсны нэг болох “HIS Mongolia” ХХК-тай хамтран Бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд борлуулж эхлүүлсэн. Хоёр сарын хугацаанд бэлтгэл ажлаа базаан энэ сарын 1-нээс цахим платформ ашиглан, Японы зах зээлд борлуулалтаа эхэлсэн сайхан мэдээгээр шинэ оноо угтаж байна. Арван нэгдүгээр сард байгуулсан санамж бичгийн хүрээнд есөн дүүргийн 20 гаруй аж ахуй нэгжийн 170 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээг www.sto-ory.com сайтад байршууллаа.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран нэг тэрбум төгрөгийн санхүүжилттэй тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламжийг олгож эхлэхээр боллоо. “Ковид 19” цар тахлын нөлөөнд өртсөн, тоног төхөөрөмжийн дэмжлэг зайлшгүй хэрэгцээтэй 33 иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад 10 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Ирэх хоёрдугаар сарын сүүлээр АНУ, Канад улсад зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг оролцуулахаар төлөвлөөд байна. Германы хамтын ажиллагаа (GIZ)-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хоёрдугаар улиралдаа багтаан тус улсын зах зээлд гаргах тал дээр ажиллаж байгаа.

www.sto-ory.com сайтад байршууллаа.


-Цахим платформд хэр өндөр хандалттай худалдааны сайтаар дамжуулан борлуулалтаа хийж байгаа вэ? -HIS хэмээх Япон Улсын томоохон аялал жуулчлалын компани байдаг. Аялал жуулчлалын салбар дангаараа хөгжихөөс илүүтэй тухайн бүс нутаг, улс орны үндсэн бүтээл, бүтээгдэхүүн үнэ цэнэ нэмж өгдөг. Тиймээс тус компанийн Монгол дахь салбар болох “HIS Mongolia” ХХК жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд гаргах, цаашилбал олон улсын зах зээлд өрсөлдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус компани нь аялал жуулчлалын салбарт улсдаа эхний аравт бичигдэх шилдэг компани. Уг компанийн www.sto-ory.com сайтад байршуулсан бараа бүтээгдэхүүн дор хаяж 50 сая хэрэглэгчдэд шууд хүрч байгаа.

-Тус сайтад бараа бүтээгдэхүүнээ борлуулж буй 20 гаруй аж ахуй нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр сонгосон бэ? -Есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөр дамжуулан иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хүсэлтийг хүлээн авсан. Хүсэлт гаргасан аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ түүхий эд, материалыг хаанаас авч байна, эцсийн бүтээгдэхүүнээ хэрхэн яаж боловсруулж байна вэ, олон улсын зах зээлд гаргах чанарыг хангаж байна уу, MNS болон ISO стандартаар үйлдвэрлэж байна уу гэх мэтчилэн тодорхой хэмжээний нөхцөл шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ шалгуур гэхээсээ илүүтэй ерөнхий шаардлагыг л хангасан тохиолдолд тус цахим платформд бүтээгдэхүүнийг байрлуулж байгаа. Эхний ээлжид хүсэлт илгээсэн бүх аж ахуй нэгжүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг тухайн платформд байршуулж байгаа. Ерөнхий шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний зураг авалт, маркетинг, орчуулга зэргийг үнэ төлбөргүй хийн төрийн үйлчилгээг хүргэж байна.

-Арван сая хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламжид хэдэн иргэн, аж ахуй нэгж хамрагдаж байна вэ? -Олон улсын байгууллагуудтай хамтарч байгаа тул тухайн байгууллагуудын нөхцөл шаардлагын дагуу буцалтгүй тусламжид хамрагдахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжүүдийг сургалтад хамруулсан. Сургалтын явцад хүсэлт гаргасан иргэдээс "Ковид 19"-ийн нөлөөнд хэрхэн өртсөн, цаашид яг оёдлын чиглэлээрээ дунд болон урт хугацаандаа ажиллах уу, ажлын байр бий болгож чадаж байгаа эсэх, ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа юу гэх мэтчилэн олон чиглэлээр үнэлгээ хийсэн.

-Сар шинийн баяр бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд маш чухал шүү дээ. Энэ үед танай байгууллагаас ямар үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ? -Засгийн газраас Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргасан. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх хэдий ч ард иргэд маань тодорхой хэмжээний бэлтгэл базаах болов уу. Тиймээс бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид буюу үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг уламжлалт болон цахим үзэсгэлэн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байнагэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна