Ордон “орилоон”-той байна

info@yellow.mn
2022/04/27

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой УИХ-ын гишүүдийн тухай бараг гурван сар ярьсан. Харин уржигдар үдээс хойно Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэн шалгах санал хүргүүлжээ. Дөрвөн гишүүний нэр гарч байна. Уг нь 10 гаруй гишүүний нэр яригдсан.

Нэрс ирүүт Төрийн ордноор нэг орилоон бахираан, уйлаан майлаан болж, бужигнаад явчихжээ.  “...Ерөнхий прокуророос ирүүлсэн саналын энэхүү “эхний ээлж”-д багтах ёстой зарим гишүүн сугарч үлдлээ” гэж барьцацгаасан байна. “...Хөрөнгө мөнгөөрөө бяд муутай, улс төрийн хамгаалалт султай дөрвөн нөхрийг Ерөнхий прокурор “...Түдгэлзүүлье” хэмээн түрүүлж орууллаа” гэж шүүмжилцгээсэн байна.

За тэгээд, уурласан бухимдсан, уйлсан гомдсон гишүүд уржигдаржин Төрийн ордны хоёроос гуравдугаар давхар руу өгсөж, гурваас хоёрдугаар давхар руу уруудаж өнжжээ. Учир нь Ерөнхийлөгч гуравдугаар давхарт, Ерөнхий сайд хоёрдугаар давхарт байрладаг байна. Ер нь бол Улсын ерөнхий прокурорын санал ирэхээс өмнө болсон Ардын намын бүлгийн хурал ч ширүүхэн уур амьсгалтай болсон байгаа юм.

Гишүүд ялангуяа, Хөгжлийн банктай холбогдсон гишүүд “..Нам хамгаалах ёстой, улс төрийн дэмжлэг үзүүлэх учиртай” гэсэн байр суурь илэрхийлжээ. Мөн төсвийн тодотголтой холбоотойгоор тодруулбал LRT-ыг хассан асуудал Ардын намын бүлгийн хурлаар яригдсан байна.

Сүүлийн үед Хөгжлийн банкны хэрэг, удахгүй нийтэд ил болох нүүрсний асуудалд холбогдсон Ардын намынхан, дээрээс нь Ардчилсан намын зарим хүн нийлээд засаг руу, Ерөнхий сайд руу довтлох болсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарах болсон. “...Пойлдоод эхэлсэн” гэж. Энэ үнэн бололтой. Ерөнхий сайд уржигдар болсон бүлгийнхээ хурал дээр нэлээд бухимдалтай байжээ. Тэрбээр “...Хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаалахгүй”, “...Зарим хүн намаас гарч болно, гараад бие даагчийн статустай байж болно”, “...Хүндлэлийг буруугаар битгий ойлгоорой, ах нар аа” гэх мэтээр ярьсан байгаа юм. Эдгээр үгсийг хэнд зориулж хэлснийг Ардын намынхан өөрсдөө мэдэж буй бөгөөд тэр талаар ярьцгаахгүй байна.

Түүнчлэн Хөгжлийн банкны хэрэгт холбоотой гишүүдийн “цуваа” үүгээр эхэлж байна гэхэд болно. Зарим сэргэлэн гишүүн цаг хожиж, Улсын ерөнхий прокурорын энэ удаагийн саналаас нэг удаа нэрээ “татуулсан” байна. Гэсэн ч хууль хяналтын байгууллагынхан, мөрдөгчид тэдэнтэй сайн зууралдах бололтой. Тэгэхээр удахгүй Улсын ерөнхий прокурорын ямар ч байсан нэг санал УИХ-ын даргад ирнэ гэсэн үг.

Хөгжлийн банкны хэрэгт зөвхөн УИХ-ын гишүүд холбогдоогүй. Тэднээс гадна төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэгэн эрхмийн нэр дуулдаад удсан. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буугаад жил болох гэж буй эрхэм бий. Тэрбээр Хөгжлийн банкны хэргийн “цунами”-д өртөхгүй гэж ихэд хичээж байгаа гэх мэдээлэл бий. Гэвч хууль хяналтын байгууллагынхан түүний зөвлөх асан нөхрийг бариад авсан. Шалгаж байна. Олсны үзүүр явсаар мань хүнд хүрэх нь тодорхой тул намын толгойд гарахаар үзэж эхэлжээ. Тэрбээр хоригдож буй зөвлөхөөсөө илүүтэй “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авчирсан “эзэн”-д сэтгэл зовниж байгаа аж. Учир юу гэвэл экс Ерөнхийлөгч хэд хоногийн өмнө Ерөнхий сайдтай уулзсан мэдээлэл байгаа юм. Тэгж уулзаад “...Тэр хүнийг хүндрүүлээд яах юм бэ, больчих” гэсэн байна. Харин Ерөнхий сайд “...Хуулиараа шийдэгдэг” гэжээ. Тэгээд тэд муудалдцаад салсан аж. Ийм мэдээллүүд Улсын ерөнхий прокурорын уржигдрын саналын дараа улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ.

Хөгжлийн банк ийм байдлаар дахин хэдэн сар үргэлжилнэ. Гэхдээ гишүүдийн асуудал нэг тийш болчихвол хууль шүүхийнхэн ажлаа явуулахад саадгүй гэсэн үг.

Тэгэхээр энэ хэргийн дараа нүүрсний хулгайн хэрэг гарч ирнэ гэсэн үг. Энэ тухай Ерөнхий сайд өөрөө зарлачихсан. Нүүрсний хэрэг гээчид төмөр зам гацаагаад авто тээврээр дамжуулан хууль бус ашиг олдог, нүүрс гэрээлж дундаас нь асар их “ам.доллар, цент” унагадаг, хоёр лицензийн хил дээрээс хэдэн зуун тонн нүүрс бүхий мөргөцөг хулгайлсан хэрэг багтах юм байна лээ. Тэдгээр хэрэгт эрхэм гишүүд мөн л бөөн бөөнөөрөө холбогдоно. Тиймээс Төрийн ордны “орилоон” үргэлжилнэ гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 84 (6816)



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.174
    2022/04/27

    Үнэн зөвөөр явах болтугай!!! Хэлмэдүүлээд ч хэрэггүй. Хэрэгтнийг өршөөх ч хэрэггүй. Ард олон үнэнийг мэдэх мэдэх үгээ хэлэх эрхтэй. Хамгийн гол нь буруутныг бүү өршөө!!?? Нэг их юм ярьж ярьж алга болдог муу зуршил байгаа шүү. Ард олонд тодорхой үнэн мэдээ хэрэгтэй бна.

    Хариулах
  • 66.181.161.92
    2022/04/27

    За цаг наашилж цахилдаг хөхөрхнээ

    Хариулах
    • 139.5.218.226
      2022/04/27

      Цаана сугарч үлдсэн гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Учир нь гишүүдийг сонгогчидоо төлөөлөөд ажил гэсэн болохоос их хурлын гишүүн болоод сонгогчдынхоо боломжийг хулгайлж. Өөрийн хөрөнгөө арвижуул гэж сонгоогүй байх. Одоо л зогсоохгүй бол наадуул чинь огт сургамж авахгүй байна шүү. Энэ хулгай хийдэг сувгийн хаах хэрэгтэй. Зарим би хэрэгцээтэй үйлдвэр барьж байна гээд байх шиг байна лаа. Гишүүний ажлаа өгчихөөд барьж болно шдээ. Харин ч завтай