Хөгжлийн банк болон бас бус асуудалтай холбоотойгоор Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дөрвөн гишүүний нэрийг түдгэлзүүлэх саналыг оруулж буй аж. Тэр дунд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын нэр байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгахаар болсон гэжээ. Энэ мэдээлэл цацагдахтай зэрэгцэн Ё.Баатарбилэг гишүүнтэй холбоотой асуудал олон нийтэд эргэлзээ төрүүлж эхлэв. Түүнийг хэр баргийн зүйлд хөдлөхөөргүй нягт нямбай гэж улс төрийн хүрээнийхэн хэлдэг. Тиймдээ ч улс төрд орсноосоо хойш элдэв янзын хэл аманд нэр холбогдож байсангүй. Тэр тусмаа мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд орооцолддоггүй. Энэ тал дээр ёстой зан муутай учраас “найраа” байхгүй гэсэн яриа бий. Тухайлбал, Ё.Баатарбилэг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж эхлэнгүүтээ өөрт нь төвлөрсөн эрх мэдлээ задалсан. Сургууль, цэцэрлэгийн төсвийн эрх мэдлийг аймаг, нийслэл, дүүргийнх нь боловсролын газар руу шилжүүлсэн гэж салбарынхан нь ярьдаг юм билээ. Энэ мэт жишээ олон бий.
Гэтэл Ё.Баатарбилэгийн нэрийг прокуророос түдгэлзүүлэх нэрсийн жагсаалт дунд оруулж ирсний цаана улс төрийн “хор” гүйчихсэн байх вий гэж болгоомжилж, санаа зовж байгаа хүмүүс олон байна. Тиймээс үүний цаана ямар эрх ашиг явж байгааг хууль хяналтын байгууллага нягт нямбай шаардлага үүслээ. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллага шударга ажиллах эсэхийг харах хүлээлт олон нийтийн дунд үүсч байна.
Ё.Баатарбилэг түдгэлзүүлэх асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө “Өчигдөр УИХ-ын даргад бичиг ирсэн гэж сонссон. Би УИХ-ын удирдлагуудтай уулзаагүй байна. Ямар бичиг ирсэн талаарх мэдээлэл алга. Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгагдаж байна гэж ойлгосон. Өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж, тогтоолтой танилцсан. АТГ намайг шууд яллагдагчаар татсан байна лээ. Мөрдөн байцаах ажиллагаа явж байгаа юм байна. Хууль хяналтын байгууллагууд энэ талаар ярих байх” гэжээ. Харин “Таныг НВЦ компанийн Ц.Баатарбилэгээс жолоочоороо дамжуулан хахууль авсан гэж буй” гэсэн асуултад “Би Ц.Баатарбилэгийг танина. Бид 2 олон жилийн найзууд. Ц.Баатарбилэг 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Тэр үеийнх нь зээл авсан процесст би нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагуудыг ч би танихгүй” гэж хариулав. Цаашид асуудал хэрхэн өрнөхийг харах үлдлээ.
Эх сурвалж: Polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна