Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх иргэн Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан дараах шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.
Тодруулбал, Ардын чуулган намаас 807 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 315 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй байв.
Эдгээрийн олонх нь хаягийн бүртгэл зөрүүтэй гэсэн залруулж болох зөрчил байгаа боловч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй харьцуулан шалгахад 5 иргэний бүртгэл байхгүй (овог, нэр, регистрийн дугаараар хайлт хийхэд гарч ирээгүй).
Мөн Улс төрийн намын тухай хуулийн 10.1.3-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын гишүүд нь өөр намын гишүүнчлэлгүй байх шаардлага хангасан эсэх, Ардын чуулган намын гишүүн мөн эсэхийг түүврийн аргаар тус намын гишүүний жагсаалтад буй 65 хүнтэй шүүхээс холбогдож “Ардын чуулган намын гишүүнчлэлтэй” эсэх талаар тодруулахад Ардын чуулган намын гишүүн биш, бүртгэлд гарын үсэг зураагүй гэж 15 хүн, өөр намын гишүүн (МАН, АН, МАХН) гэж 5 хүн тус тус мэдэгдсэн.
Нийт 807 гишүүнтэй гэх жагсаалтаас дээрх байдлаар зөрчилтэй 25 хүнийг хасаж тооцвол Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан тоонд хүрэхгүй байна.
Иймд Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын дээд шүүх намыг дараах үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 10.1.3-д “гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн” гэж заасан үндэслэлээр Ардын чуулган намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна