Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт аваачаад байгаа 26 найдваргүй зээлдэгчийн нэг нь “Чингис хаан” банк ХХК. Тус банк нь 2019 оны арванхоёрдугаар сарын 9-ны өдөр 25 тэрбум төгрөгийн зээлийг мөнгөн хадгаламж хэлбэрээр Хөгжлийн банкнаас авсан байна.
“Чингис хаан” банкны зүгээс Хөгжлийн банкинд төлөх ёстой зээлийн нийт үлдэгдэл өнөөдрийн байдлаар 37.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд хоёр жил гаруйн хугацаанд зээлийн эргэн төлөлтөө огт хийгээгүй гэдэг мэдээлэл байгаа юм.
Чингис хаан банкны гүйцэтгэх захирлаар Энхбаатар овогтой Ганзориг ажилладаг бол тус банкны хувьцааг “Ньюстандарт Финанс” ХХК эзэмшдэг байна.
Харин “Ньюстандарт Финанс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Дашцэрэн овогтой Батаа /40.6%/, Шүхэрт овогтой Бүтэд /31.4%/, Цэдэн-иш овогтой Баярсайхан /28%/ нар бүртгэгдсэн байдаг ажээ.
Тус банкны тухайд улсыг хохироосон нь ганц удаагийн үйлдэл биш. Чингис хаан банкинд Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 140 тэрбум төгрөг байршиж байсан ч төлбөрийн чадваргүй болсны улмаас өнөөг хүртэл энэ мөнгөө улсад эргүүлэн төлөөгүй болохыг Монголбанкнаас мэдэгдсэн билээ.
Энэ бүхнээс харахад тус банк нь өнөөдрийн байдлаар улсад 177.5 гаруй тэрбум төгрөгийн бодит хохирол учруулаад байгаа болох нь тодорхой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна