Тэтгэвэртээ гарсан Гаалийн байцаагчийн хөрөнгийг мушгиж, Гаалиас төрөөс төрсөн тэрбумтан мэтээр гүтгэв үү?

info@yellow.mn
2022/01/27

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын дарга С.Цэцгээ гэгч дөрвөн хаус, 11 орон сууц, гурван барилга, 12 авто зогсоолтой тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд нэр бүхий хэвлэлээр цацагдахтай зэрэгцэн иргэдийн дунд Гаалийн байцаагч нар авилгад идэгдэж, хууль бусаар хөрөнгөжөөд байгаа юм биш үү гэдэг хардлага үүсэв.

Тэгвэл “тэрбумтан” гаалийн байцаагч С.Цэцгээ гэгч хэн бэ гэдэг асуултад  хариулт хайхад дараах мэдээллүүд олдсоныг доор товч хуваалцъя.

С.Цэцгээ нь оюутны ширээнээс буусан цагаасаа Гаалийн байгууллагатай амьдарлаа холбож байцаагчаас нь эхлээд дарга болтлоо дэвшин ажилласан нэгэн ажээ. Зарим хэвлэлд түүнийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байгаа хэмээн бичжээ. Гэтэл тэрбээр тэтгэвэртээ гараад гурван жил болж байгаа аж. Эндээс харвал С.Цэцгээ Буянт-Ухаа дахь гаалийн газрын даргаар ажилладаг гэх мэдээлэл оргүй худал болох нь ойлгогдож байна. 

Тэрбээр дөрвөн хаус, 11 орон сууц тэргүүтэй хөрөнгүүдээ одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 онд  тэтгэвэрт гарахаасаа өмнө АТГ-т тайлагнаж байжээ. Энэ тухай хэвлэлд гарсан баримтууд бүгд нээлттэй байгааг хүссэн хэн ч АТГ-ын https://meduuleg.iaac.mn цахим хуудаст хандан үзэж болохоор байна.

Гэтэл ямар учир шалтгаанаар тэтгэвэртээ гараад гурван жил болж байгаа Гаалийн байцаагчийн хөрөнгө орлогыг гэнэт гаргаж ирэн эвэртэй туулай үзсэн мэт авирлав гэдэг нь сонирхол татаж байгаа юм. 

Үнэхээр С.Цэцгээ гэгч гаалийн байгууллагад 20 гаруй жил ажиллахдаа хууль бусаар хөрөнгөжиж энэ бүхнийг олж авав уу? Хэрэв тийм бол хэвлэл мэдээлэл аль “уже” түүнийг нь илчилж, хуулийн байгууллага хариуцлага тооцоод хэдийнэ торны цаана суулгачих байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал.

АТГ-ын тухайд төрийн албан хаагчийн тайлагнасан хөрөнгө орлогыг хуулийн дагуу бүрдүүлсэн эсэхийг шалгаж үздэг хууль, дүрэмтэй. Энэ утгаараа АТГ С.Цэцгээгийн тайлагнасан хөрөнгө орлого цэвэр эсэхийг жил бүр шалгаж байсан гэдэг нь ойлгомжтой. Хэрэв ямар нэгэн “но” илэрсэн бол хуулийн байгууллага тэр даруйд нь олон нийтэд мэдээлж, хариуцлага тооцох байсан нь бас л гарцаагүй асуудал юм.

Тэгвэл Гаалийн байцаагч С.Цэцгээ энэ бүх хөрөнгийг ямар арга замаар бий болгов гэдэг олон нийтийн сонирхоод байгаа гол асуултад хариулт эрцгээе.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “хамаарал бүхий этгээд” гэдэг нэр томъё бий. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлахаас өмнө Гаалийн байцаагч С.Цэцгээгийн гэр бүлийн байдлыг хөндөх нь зүйн хэрэг болов уу. Түүний нөхөр болох хүн олон жил уул уурхайн бизнес эрхэлж яваа нэгэн гэдгийг шороо ухаад “шатаж” үзсэн захын бизнесмен ярих ажээ. Мөн түүний хүү аавынхаа нэгэн адил уул уурхайн бизнес эрхэлдэг байсан бөгөөд харамсалтай нь саяхан бурхны оронд оджээ.

Дээрх хуулийн хүрээнд тайлбарлавал С.Цэцгээгийн нөхөр болон хүү нь түүний “хамаарал бүхий этгээд” юм. Нийтийн албан тушаалтан энэ хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхол, хамаарал бүхий этгээдүүдийнхээ компани, аж ахуй нэгж, хөрөнгө орлогыг үнэн зөв тусгаж мэдүүлэх учиртай. Энэ утгаараа С.Цэцгээгийн  зүгээс АТГ-т мэдүүлсэн дөрвөн хаус, 11 орон сууц, гурван барилга, 12 авто зогсоол нь түүний нөхөр, хүүгийн бизнесээрээ бий болгосон хөрөнгө бололтой. Нөгөөтээгүүр нас барсан хүүгийнх нь хөрөнгө хуулийн дагуу аав, ээжид нь өвлөгдөнө. Энэ үүднээсээ мөн л тэрбээр хүүгээсээ өвлөсөн хөрөнгөө өөрийн нэр дээр тайлагнах нь зүйн хэрэг. Хэрэв ямар нэгэн байдлаар үнэн зөв тайлагнахаас татгалзвал хуулийн хариуцлага хүлээх заалттай учраас талийгаач хүүгийн хөрөнгө гээд тайлбарлахгүй байж болохгүй. Өөрөөр бол гаалийн байгууллагад бүх насаараа ажиллаад энэ бүх хөрөнгийг бий болгох боломжгүй гэдэг нь  эрүүл ухаанаар бодоход ойлгомжтой асуудал. Боломжтой зүйл нь авилга, хээл хахууль. Энэ бүхнээс харвал Гаалийн байцаагч С.Цэцгээ өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох нөхөр, хүүхдийнхээ бизнесийн орлогыг л үнэн зөвөөр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнаж. Ердөө л энэ.

Эцэст нь, нийгэм С.Цэцгээ гэж хэн бэ, түүний ард ямар амьдрал байдаг вэ гэдгийг огтхон ч сонирсонгүй. Бүхлээрээ шахуу дөрвөн хаус, 11 орон сууцтай аймаар том авлигын мангас мэтээр төсөөлж бах таваа хангахыг урьтал болгосон нь харамсалтай. Магадгүй энэ мэт санаатай эсвэл санаандгүй гүтгэлгээр гэмгүй нэгнийг гэмтэн болгох, бүр цаашлаад Монголын мянга, мянган гаальчдыг авилгаар хөрөнгөжигч этгээдүүд болгож харагдуулах гэсэн хэн нэгэн улстөрчийн атгаг зорилго үүний цаана нуугдаж байхыг үгүйсгэх арга алга.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.205
    2022/01/30

    Авлигад авсныгаа алт ухаж угаагаад баахан хауз болгосон гэсэн үг үү????

    Хариулах
  • 202.9.40.190
    2022/01/28

    Үнэн юм уу?

    Хариулах
  • 192.82.75.143
    2022/01/27

    Ene odoo ene avgaig yaasan ih hqmgaslj baihiin be... ugaasaa gaalihanvavilgach, hulgaich gedgiig odoo bygd meddeg bolson..ye shattai,shat shatandaa avilga avch hagartlaa bayjsan ni haragdaj bna.. uurinhuu tsalingaar ingetlee bayjlaa yu..kkk

    Хариулах