Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хувиар өөрийн төрж, өссөн сумын иргэд, сонгогчидтой уулзлаа.
Тэрбээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумынхандаа Монгол Ардын намын хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.
Түүний хувьд Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн II тойрог, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймаг буюу баруун бүсэд нэр дэвшиж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд аймгууд дан дангаараа хөгжих гэж хичээсэн ч Улаанбаатар хотоос хэт алслагдмал, дэд бүтэц, авто зам бүрэн хөгжөөгүй зэргээс болж хязгаар нутгийнхны өрсөлдөх чадвар хангалттай түвшинд хүрч чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс МАН бүсчилсэн хөгжлийн реформыг үндэсний хэмжээнд боловсруулсан билээ. Ингэснээр аймгууд өөрсдийн онцлогтоо тулгуурлан бүс нутгаараа хөгжих, бүсийн аймгууд хоорондоо авто зам, дэд бүтэцтэй болох зэрэг томоохон бүтээн байгуулалт хийх юм. Улмаар хот, хөдөөгийн тэнцвэр бий болж, хүн бүр өөрийн өсөж, торнисон нутагтаа сайхан амьдрах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Говь-Алтайн иргэн боломж хайж Улаанбаатар, эсвэл уул уурхай дагасан аймаг руу нүүх шаардлагагүй болно.
Алтайчуудын хувьд нутгийн хүүгийнхээ манлайлан хэрэгжүүлж буй, мал аж ахуйн салбарыг шинэ түвшинд гаргах “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд “Амьжиргаагаа дээшлүүлэх боломж” хэмээн хүлээн авч буйгаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Говь-Алтай аймагт өнөөдрийн байдлаар 222 хоршоо шинээр байгуулагджээ. Улмаар 2192 малчин хоршооны гишүүнээр элсэж, 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл малчдад хүрчээ. Гагцхүү уг хөдөлгөөнийг цаашид үндэсний хэмжээнд тууштай үргэлжлүүлэхээр Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгайлан тусгасан учраас баруун бүсэд нэр дэвшиж буй Д.Амарбаясгалан тэргүүтэй “Морьтой Аравт”-ыг багаар нь дэмжихээ Алтай нутгийнхан илэрхийлж байлаа. Хамтаараа, бүсээрээ хөгжих бодлогыг санаачлан хэрэгжүүлж буй Монгол Ардын намд Алтайчууд ийнхүү итгэл үзүүлж байна.