УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Заяабал, С.Бямбацогт, Ц.Цэрэнпунцаг нар Алтан Тээлийн хөндийн ажилсаг, хөдөлмөрч Захчин түмэнтэй уулзлаа. Улсын тэргүүний сумдын нэг Зэрэг сумын сонгогч олон танхим дүүрэн цуглаж, уулзалтад идэвхтэй оролцов.
Нэр дэвшигчид орон нутагт тулгамдаж буй цөлжилт, эрчим хүчний хомсдол, боловсролын хүртээмж зэрэг асуудлуудаар иргэдтэй санал солилцож, гарц шийдлийг хэлэлцэв. Энэ үеэр баруун бүсийг хөгжүүлэх, эдийн засгийн интеграцид оруулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан бодлогын шийдлүүдийг сонгогчдод танилцууллаа.
Нэр дэвшигч Б.Заяабал, “Бүс нутгийн хөгжлийг дэмжих мега төслүүдийг санаачлан хэрэгжүүлж, мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Баруун бүсийг хөгжүүлэхэд тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, төрөөс зээлийн болон татварын хөнгөлөлттэй бодлогоор дэмжлэг үзүүлэх юм. Ингэснээр боловсруулах үйлдвэр, хүнд үйлдвэрлэл баригдаж, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байрыг бий болгоно. Бүсчилсэн хөгжлийн амин сүнс, хөдөлгөх хүч нь боомтын сэргэлт. Булган боомт, Байдрагийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, Завхан аймгийн Ард суурь, Увс аймгийн Боршоо зэрэг хойд хилийн боомтыг сайжруулах асуудлуудыг боомтын сэргэлтийн хөтөлбөрт тусгаж өгсөн. Мөн сумуудыг боомттой авто замаар холбох, аймаг хоорондын авто замыг тавьж тээвэр ложистикын асуудлыг шийдэх болно” хэмээн мөрийн хөтөлбөрт тусгагдсан баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг сонгогчдод танилцуулав.
Мөн тэрээр, “Удаан хугацаанд тусдаа оршсоор ирсэн эрчим хүчний системийг шинэчилж Улсын нэгдсэн систем нэгтгэх ажлыг эхлүүлнэ. Орон нутгийн хөгжлийг нэмэгдүүлэхэд малчдын амьжиргааг сайжруулах нэн шаардлагатай. Тиймээс Шинэ хоршоо хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр нь малчин бүр үйлдвэрлэгч болох, малын гаралтай түүхий эдийг дараагийн шатны нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү оруулах, эдийн засгийн эргэлтийг бий болгох юм. Иргэдийн өөрсдийн санаачилгыг төр бодлогоор дэмжих нь энэхүү хөтөлбөрийн гол зорилго оршиж байна. Одоогийн байдлаар нутгийн иргэд хамтарсан хоршоодоо байгуулж, зээлийн хүсэлтээ гарган үйл ажиллагаагаа явуулж байгаа сайн мэдээ гараад байна. Түүнчлэн баруун бүсэд орон сууцны хөтөлбөрийг эрчимжүүлж, эхний гурван жилд гурав, дараагийн гурван жилд зургаан хувийн хүүтэйгээр ипотекийн зээл хамруулах. Иргэд цаашдаа өмчлөх эрх бүхий түрээсийн орон сууцыг санал болгож байна” гэлээ.
УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Заяабалын сонгуулийн штабаас бэлтгэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна