“Шинэ хоршоо” хөдөлгөөний зүүн бүсийн нээлт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод өнөөдөр боллоо. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 400 гаруй малчин, хоршоологчдын төлөөлөл нээлтэд оролцов. “Шинэ хоршоо” хөдөлгөөний зүүн бүсийн нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, энэхүү хөдөлгөөнийг санаачлагч Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүд, бусад албаны хүмүүс оролцож байна. Мөн хотоос хөдөөг зорьж малчин болсон залуусын төлөөлөл сайн туршлагаа хуваалцахаар бүсийн нээлтэд оролцож байгаа юм.
“Шинэ хоршоо”-ны талаарх танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийсэн юм. Зүүн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 400 гаруй малчны төлөөлөл оролцсон бөгөөд тэдний төлөөлөл саналаа хэлсэн юм.
Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин, Монгол Улсын гавьяат малчин Р.Мөнхтөр:
-Бүсчилсэн хөдөлгөөнөө дагаад “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо. Дэмжиж, хамтран ажиллана. Ямар ч нийгмийн үед хамтарч ажиллах нь чухал. Бидний өвөг дээдсийн түүхээс Алунгоо хатан таван сум багцлан таван хүүдээ өгч, эвтэй найртай, хамтдаа байхыг хүүхдүүддээ захисан байдаг. Жалгын нэг тарсан малчид биднийг хамтарч нэгдэн ажиллахыг энэ өвлийн цас, зуд санууллаа. Би ах дүүстэйгээ хамтран адуун сүргээ өсгөн үржүүлсэн хүн. Бүгдээрээ хамтарч ажиллахыг уриалж байна.
Хэнтий аймгийн Баяндэлгэр сумын “Дунд тараг” хоршооны тэргүүн Энхбат:
-Засгийн газрын бодлого орон нутагт хэрэгжиж байгаад малчин иргэд талархаж байгааг уламжилъя. Малчид энэ хөдөлгөөнийг 100 хувь дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголчууд уламжлалт мал аж ахуйгаа хадгалж ирсэн ард түмэн. Өнөөдөр биднийг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхийг цаг үе шаардаж байна. Тиймээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжиж, хоршоо байгуулахаар ажиллаж байна. Энд хүрэлцэн ирж, мэдээлэл авсандаа баяртай байна.
Дорнод аймгийн Сэргэлэн сумын малчин Гармаа:
-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжиж байна. 2014 онд хоршоо байгуулагдаж байсан. Тухайн хоршоо ноос, ноолуурын урамшуулал авахын тулд байгуулагдаж байлаа. Тухайн үед би мөн хоршоо байгуулж байсан. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөн жалгын нэг тарж, зудад мал сүргээрээ хохирсон малчдыг дэмжсэн зөв бодлого байна. Хоньгүй айлын хот харахгүй гэж ардын зүйр үг байдаг. Малчидтайгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд малчидтайгаа хамтарч зүтгэнэ. Аймгийн ЗДТГ, хөдөө аж ахуйн салбарынхандаа талархаж байна гэв.
Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжил хариуцсан зөвлөх У.Отгонбаяр:
-Мал аж ахуйн салбарт түүхийн шинэ хуудас эргэж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөн мал аж ахуйд шинэ эргэлт авчирлаа. Түгжрэлийн тойргоос гарах хамгийн зөв шийдэл бол “Шинэ хоршоо” хөдөлгөөн гэж малчид ч, Засгийн газар ч дүгнэж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөн шинэ хандлагаар үргэлжилнэ. Мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргахад “Шинэ хоршоо” хөдөлгөөн үр дүнгээ авчирна. Бүсчилсэн хөгжлийн бодлого, “Шинэ хоршоо” хөдөлгөөн нэг зоосны хоёр тал. Энэ хөдөлгөөнөөр мал аж ахуйн салбар сэргэж, ард иргэд орлоготой болсон үр дүнд хүрнэ. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ.
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг:
-Засгийн газраас анх удаа малчдад маш том либериалчлалыг хийлээ. Зүүн бүс нутаг бол Монгол Улсын хамгийн таваарлаг мал сүрэгтэй. Бүс нутагтаа бид аж үйлдвэр, хөнгөн үйлдвэр барьж, экспортлогч болох зорилт дэвшүүлэх ёстой. Хамгийн том боомттой манай бүсийн хувьд үсрэнгүй хөгжлийг эрхэмлэх ёстой. Монгол Улсын сайд Д.Амарбаясгалангийн санаачилгаар “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлж байна. Бид олон улсад ондоошлоо харуулсан улс үндэстэн, бүс нутаг болох боломж байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна