“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлттэй хаалганы өдөрлөг “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК-ийн талбайд өнөөдөр боллоо. Засгийн газраас малчид руу чиглэсэн 5 их наядын томоохон цогц бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр 50 их наядын хөтөлбөр болох ч бүрэн боломжтой, мал аж ахуйн салбар ийн сэргэх цаг үедээ ирлээ гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өдөрлөгийн үеэр онцолж байв.
“Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр малчид хоршоо болон сайн дураар нэгдэж, хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломж бүрдэнэ. “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөснөөр дундаж орлоготой чинээлэг малчин өрх бий болж, малчин айлын сарын орлого 5 сая төгрөгт хүрэх боломж бүрдэнэ. Одоогоор нэг малчин айлын сарын орлого 1.5 сая, зарлага нь 2.1 сая ба сар бүр 600 мянган төгрөгийн өрөнд орж, малаа өсгөх тусам улам ядуурч буй тогтолцоог халах ёстой гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үзэж байгаа юм.
Тэгвэл малчид зээлтэй, дахиж зээл аваад үрэн таран хийгээд өрөнд орно, зээл өгөөд хэрэггүй ч гэж үзэх УИХ-ын гишүүд бий. Энэ бүгдэд хариулт өгч, хоршооны гишүүн малчид хэрхэн зээлд хамрагдаж болох талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбарлав.
-Ахуйн хэрэглээний зээл биш, хоршоонд хийх хөрөнгө оруулалт юм. Жишээ нь, мах нядалгааны цех хамтраад байгуулж болно,түүнийгээ ижил тэнцүү эрхээр эзэмшдэг хоршооны гишүүн байж болно. Төлбөрийн баримтын дагуу бэлэн бусаар зээл зарцуулагдана. Хоршооны гишүүд ямар төсөл хэрэгжүүлэхээ өөрсдөө сонгож, төслөө бичээд арилжааны банкинд өгнө, банк төслийг шалгаруулж, зориулалтын дагуу хөрөнгө оруулалтын зээл гаргана. Нэг хоршоо дээд тал нь 2 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой. Хугацаа нь эхний ээлжинд 36 сар гэж Засгийн газар дээр явж байгаа. Хоршооны нөхцөлөөс хамааран эргэн төлөлтийн нөхцөлийг банк, хоршоо хоорондоо тохирно. 1000 малтай малчин 50 сая төгрөгийн зээлийг Зээлийн батлан даалтын сангаар 80 хувийг нь даалгаж авах боломжтой болно. 200 толгой малтай малчин айл 90-100 хувь батлан даалт хийлгээд 30-40 саяын 6 хувийн хүүтэй хөрөнгө оурулалтын зээл авч болох юм. Ингээд мал аж ахуйн салбарт босож ирж чадахгүй байгаа бүлэг маань босох боломжтой боллоо. Яг ийм загвараар Солонгос, Хятад, Япон улс “Шинэ тосгон” хөтөлбөрийг 1980-аад оны сүүлээр хэрэгжүүлж, барьцаагүй, хариуцлагын, итгэлийн, өвлөгддөг хөрөнгө оруулалтын зээл өгч чадсанаар улс орноороо ядуурлаас гарч чадсан юм” гэв.
Зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтой хэмээн “Шинэ хоршоо” хөтөлбөрийг дэмжин ХААН, Төрийн банкны төлөөлөл нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна