С.Амарсайхан, Б.Ариунбуян нарыг огцруулахад хэдэн аврагчийн амь хэрэгтэй вэ

info@yellow.mn
2024/04/08

2022 онд, Төсвийн хэмнэлтийн хууль батлагдсаны дараа үндсэн цалин бага, нэмэгдлээр орлогоо олж авдаг төрийн тусгай алба хаагчдын цалин багасах нөхцөл байдал үүссэн. Тэр үед Онцгой байдлын дарга нар “Тэгвэл үндсэн ажлаас өөр ажилд зардгаа боль” гэж хэлээд орлогоо авч үлдсэн гэдэг. Юу вэ гэхээр, Онцгой байдлын алба хаагчдыг чиг үүргийн бус олон ажилд зардаг. Цэнгэлдэхийн сандлыг солино оо, онцгой байдлынхан. С.Амарсайхан тэр жил хотын дарга байхдаа багагүй мөнгөөр худалдаж аван шүүмжлүүлж байсан дөрвөлжин чулууг ийш, тийш нь зөөнө өө, онцгой байдлын албаныхан ажил нь юм шиг хөдөлдөг. Ямар сайндаа л “Ажилд чинь зарагдахгүй шүү” гэсэн үг төрд нөлөөлж, цалинг нь хасах байтугай бага зэрэг нэмж байх вэ. 

С.Амарсайхан ах шигээ зангагтай эр байсан бол, Г.Ариунбуян олигтой генерал байсан бол дарга нарт “Үндсэн чиг үүрэгт хамааралгүй ажилд аврагч нараа явуулахгүй” гэж хэлчихээд аврах ажиллагааны дадлага хийлгэж байх ёстой байв. Тэгсэн бол одоо тэнгэрийн оронд байгаа хэдэн ч аврагч амьд сэрүүн, ажил үүргээ гүйцэтгэж байх байсан юм билээ. 

Онцгойнхныг албаны бус ажилд зардгаас болж аврагч нар зарын самбар солих гэж байгаад ч амиа алдаж байв. Бүр даргынхаа гэрийг нүүлгэх гэж байгаад ч амиа алдаж байсан гэдэг. Мэргэжлийн ур чадвараа сайжруулах цагийг энэ мэтээр хамааралгүй ажилд үрдгээс техникийн ноцтой алдаа гаргаж амиа алдаж байна. 

Г.Ариунбуянд энэ бүхнийг таслан зогсоох эрх нь бий ч үргэлжлүүлсээр, аврагчид амиа алдсаар байгаа нь харамсалтай.  

Алдагдсан боломжийн онол гэж бий. Буруу томилгоо, мэргэжлийн бус удирдлага, түүнээс үүдэлтэй буруу шийдвэр гаргалтаас болж алдагдсан боломжийг энэхүү онолоор тооцдог. Уул уурхайн салбарт гэхэд л манай улсын алдагдсан боломж 25.5 хувь байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Гүйцэтгэх түвшинд мэргэжлийн бус хүн ажиллах ямар ч боломжгүй, удирдлагын түвшинд ч мэргэжлийн сайд, дарга томилогддог салбарт ийм байна гэхээр даргын найз, хамаатан садан, “цүнх баригч”-дыг томилох явдал хавтгайрсан өнөө үед бусад салбарт энэ тоо бүр их байгаа гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ, бусад салбарт алдагдал нь олох байсан орлого, бий болох байсан боломжуудаар гардаг бол Онцгой байдлын салбарт эгзэгтэй үед гаргаж чадаагүй шийдвэрээс үүдэлтай осол гамшгийн хохирол, үнэлж баршгүй хүний амь насаар үнэлэгддэг юм. 

Г.Ариунбуян 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер- эдийн засагч мэргэжлээр төгссөн, 2014 онд Шадар сайд байсан У.Хүрэлсүх зөвлөхөөрөө авч, улмаар ОБЕГ-ын дэд даргаар томилох хүртэл онцгой байдлын албанд огт ажиллаж байгаагүй нэгэн. Тийм ч учраас одоо Онцгой байдлын албанд нүүрлээд буй жил бүр аврагч ажлын талбар дээр болон ахуйн ажилд зарагдаж яваад амь насаа алддаг байдлыг өөрчилж чадахгүй байгаа гэж үзэх үндэс бий. 

Нэг аврагчийг бэлтгэхэд 100 сая, түүнээс ч илүү мөнгө зарцуулдаг гэсэн судалгаа бий. Дээр нь туршлага гэж юугаар ч үнэлшгүй юм байна. Энэ бүх үнэ цэнийг өөртөө цогцлоосон аврагчийн амь насыг ядаж л бэлтгэхэд гаргасан зардалтай нь, хуримтлуулсан туршлагатай нь уялдуулаад амь насны даатгалыг ялгаатай хийлгэчих сэтгэлгүй л явж байна шүү дээ.   

Тийм л учраас Г.Ариунбуянг өөрчилж, аврагчаа боддог, салбартаа шинэчлэл хийж чадах хүнийг олж тавих ёстой. Аврагч амиа алдсан анги салбарын захирагчаар туг тахиад өнгөрдөг, дараа нь шилдэг анги болгож цайруулан нэр хүндээ авч гардаг бэртэгчин байдлаар хэр хол явах вэ. Улам л олон хүний амь үрэгдэнэ гэдгийг Дүнжингаравын осол харууллаа шүү дээ. Нэг, нэгээрээ амиа алддаг байсан бол гурваараа амиа алддаг боллоо. Угаасаа ч мэргэжлийн ур чадвар дадлага сургууль дутмаг бол гурав байтугай 30-аараа амь насаа алдах ийм л эрсдэлтэй салбар. Ийм салбарыг тийм харамсалтай байдалд хүргэтэл нь мэргэжлийн бус хүний гарт байлгаад байж болохгүй.   

Гарчигт С.Амарсайханы нэрийг тавьсан нь, эхний ээлжинд, мэдэлд нь байдаг агентлагуудынхаа хамгийн чухал салбарыг мэргэжлийн бус хүнээр удирдуулж, алдаа дутагдалтай нь эвлэрч яваагийнх нь төлөө юм. 

Амиа алдсан аврагчид           

2021.12.03 БЗД-ийн 63 дугаар ангийн аврагч ажлын бус цагаар зарын самбар солих ажилд дайчлагдаж яваад амиа алдсан. Тухайн үед Г.Ариунбуянд хариуцлага тооцох асуудал яригдсан ч Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63 дугаар ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. 

2022.02.09. Хан-Уул дүүрэг дэх Гал унтраах ... ангийн гал унтраах автомашины жолооч зогсоолоос хөдлөх үедээ ажилтнаа санамсаргүй мөргөж, дайрсны улмаас амийг нь хөнөөсөн. 

2023.12.19. Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны дөрөвдүгээр давхарт гал гарч, долоон хүн амь насаа алдахад Гал унтраах ... ангийн 27 настай аврагч амиа алдсан. 

2024.01.24. БЗД-ийн 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзварт шатдаг хий ачиж явсан машин дэлбэрч, гурван аврагч газар дээрээ амиа алдсан. 

2024.04.08 буюу өнөөдөр Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангийн өндрийн шат хариуцсан тасгийн дарга ахлах ахлагч Дашнямын Жанчив  "Миний дэлгүүр"-ийн агуулах шатсан түймрийн голомтод ажиллаж байгаад амиа алдав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна