Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

info@yellow.mn
2024/01/30

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2024.01.30) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 17 үүрэг даалгавар өгсөн. Үүнээс 9 үүрэг даалгавар нь 100, 4 нь 90, 4 нь 70 хувийн хэрэгжилттэй байна.

Тухайлбал, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлэх ажлыг газар дээр нь явж ажиллах, хяналт тавих үүргийг дүүргийн Засаг дарга өгсөн. Энэ ажил 100 хувь хэрэгжсэн байна.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт гарааш буулгах, ТҮЦ нүүлгэх ажлын бэлтгэлийг хангах үүргийг холбогдох хэлтсүүдэд өгсөн. Энэ үүрэг даалгаврын хүрээнд Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн 52 байршилд нийт 780  гараашийн судалгааг гаргаж нэгтгэсэн байна. Мөн хашаа хайс чөлөөлөх, орц, гарц нэмэгдүүлэх ажлын хүрээнд 42 байршилд зөрчил арилгах судалгааг гарган энэ сарын 17-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлжээ.

“Иргэдтэй хийх уулзалт”-ын хүрээнд 26 хорооны 2900 гаруй оршин суугчтай уулзлаа

Баянгол дүүргийн Засаг дарга 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт, онцлох ажил, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах, 2024 оны төлөвлөгөөнд иргэдийн санал хүсэлтийг тусгаж ажиллах зорилгоор нэгдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дүүргийн нийт 34 хорооны иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж буй. Энэхүү ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 26 хорооны 2913 иргэнтэй уулзсан бөгөөд нийт 177 оршин суугч санал хүсэлтээ илэрхийлж, 44 оршин суугч бичгээр саналаа ирүүлсэн гэсэн мэдээллийг Иргэдэд үйлчлэх төвийн дарга Д.Болормаа өгсөн юм.  

Үерийн далан, шуудуу цэвэрлэх ажил хийгдэж байна

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Оюунболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Тэрбээр саяхан нийслэлд болсон ослоос болж хороолол дунд барьсан шатахуун түгээх станцууд болон орон сууцны байрны 1 давхарт үйлчилгээ явуулж буй үйлчилгээний газрууд газ ашиглаж байна гэсэн дуудлага их ирж байна. Дээрх ажлын хүрээнд хяналт шалгалтууд хийж эхэлсэн. Мөн шар усны үерийн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн далан, шуудуу цэвэрлэх ажил хийгдэж байна гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга Онцгой байдлын хэлтэс, “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ хамтран үерийн далан, жалга суваг шуудуу цэвэрлэх ажлыг эрчимжүүлэх, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс орон сууцны хорооллын байруудын нэг давхарт байгаа хоол, үйлчилгээний газруудад хяналт шалгалт үзлэг хийх шаардлагатай байна гэдгийг онцлов.  

“Гэр бүлийн хүчирхийлэлгүй Баянгол дүүрэг” аянд хороодыг идэвхтэй оролцохыг уриалав

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын захирамжаар “Гэр бүлийн хүчирхийлэлгүй Баянгол дүүрэг” аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү аяны удирдамжийн талаар дүүргийн Цагдаагийн газраас мэдээлэл өглөө. Ингэхдээ энэ аяныг дүүргийн ЗДТГ болон дүүргийн Цагдаагийн газар 1-34 хороотой хамтран 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зохион байгуулж, гурван сар тутамд шилдгүүдийг шалгаруулна. Иймд хороод идэвхтэй оролцоорой гэсэн юм.  Энэ аяныг 3 төрлийн шалгуур үзүүлэлт, 1-10 оноогоор дүгнэх юм байна.

 Нийтийн эзэмшлийн зам, талбайд удаан хугацаагаар зогссон тээврийн хэрэгслүүдийг цэгцэлж байна

Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ дагасан авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд удаан хугацаагаар хөдөлгөөнгүй зогсож байгаа тээврийн хэрэгслийн судалгааг гаргах, судалгааны мөрөөр шат дараатай арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга үүрэг болгосон. Энэ ажлын хүрээнд дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс нийтийн эзэмшлийн зам, талбайд удаан хугацаагаар зогссон тээврийн хэрэгслүүдийг олж тогтоохоор 1 алба хаагчийг тусгайлан томилж, өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөөнд 18, Хасбаатарын өргөн чөлөөнд 6, Энэбишийн Өргөн чөлөөнд 18, Даливхутагт Жамсранжавын гудамжид 26, Нарны замд 6, нийт 74 тээврийн хэрэгслийн судалгааг бүртгэлд аван 11 тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтоон чөлөөлүүлсэн, эзэн холбогдогч тогтоогдоогүй 8 тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөн Баянгол цэцэрлэгт хүрээлэнд байрлуулаад байна гэсэн мэдээллийг Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Ариунтөгс өглөө. Мөн замын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн мэдээллийг дүүргийн удирдах ажилтнуудад өгсөн юм.   

 Нийслэлийн Засаг даргын захирамжаар 8 төсөл арга хэмжээний эрх шилжиж ирсэн

Худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар Худалдан авах ажиллагааны албаны дарга Н.Эрдэнэжав энэ оны эхний нэгдүгээр сард хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын захирамжаар 8 төсөл арга хэмжээний эрх шилжиж ирсэн. Үүнээс 2 төсөл арга хэмжээний тендер зарлагдаж, 1 төсөл арга хэмжээг 2024.01.30-ны өдөр зарлахаар Тендерийн баримт бичиг боловсруулж байна. 4 ажлын техникийн тодорхойлолт ирээгүй байна. Дүүргийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, дүүргийн бусад зардлаар санхүүжигдэх нийт 55 төсөл арга хэмжээ эрх шилжиж ирсэн. Үүнээс 5 ажлын тендер зарлагдаж, 23 тендерийн баримт бичгийг боловсруулж байна гэв.   

Дүүргийн хэмжээнд 80,8 тн давс, бодисын үлдэгдэлтэй байна

“Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-аас нэгдүгээр сард нийт 387 рейсээр 1238 тонн  цас мөс, 2095 рейсээр 6985 тонн жин хог хаягдлыг зөөн тээвэрлэсэн байна. Мөн Энхтайваны өргөн чөлөө, Москвагийн гудамж, Тээвэрчдийн гудамж, Үндсэн хуулийн гудамж, Магсаржавын гудамж, Занабазар гудамж, Нарны гүүрний 2-р хормой 1 тойрог,  Жасрайн гудамж, Замчдын гудамж, 9, 10, 11, 21, 22, 23-р хороонд авто замын өгсүүр хэсгийн халтиргаа гулгаа ихээр үүсэж байдаг авто замуудад тогтмол цас мөсний хусалт цэвэрлэгээ үйлчилгээ хийн ажилласан гэсэн мэдээллийг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын захирал Г.Даваасүрэн удирдах ажилтнуудад өгсөн. Мөн өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 80,8 тн давс бодисын үлдэгдэлтэй байна. 

Хурлын төгсөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Нийслэлийн Засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулаад дараах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд, 

  • Орон сууц, гэр хорооллын дундах явган хүний зам дээр болон бусдын зорчих хөдөлгөөнд саад болохоор тээврийн хэрэгсэл байрлуулсан зөрчлийг арилгах;
  • Дүүргийн хэмжээнд аваар осол гардаг газруудын судалгааг гаргаж танилцуулах;
  • Замын цагдаагийн хэлтсээс сургууль, цэцэрлэг орчим болон орон сууцны хорооллуудын замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах;
  • Цэцэрлэг, сургууль орчмын цас мөс цэвэрлэх ажлыг зохион байгуулах;
  • Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор Архигүй цагаан сар тэмдэглэх уриалга, нөлөөллийн ажлыг зохион байгуулах;
  • Газрын албанаас дүүргийн гэр хорооллын иргэдэд зориулсан нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгуулах, газартай холбоотой мэдээлэл өгч ажиллах;
  • Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна