Улаанбаатар хотын угсармал барилгыг дулаалж, засан сайжруулах төслийг Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын ЗАА, НАМА дэмжлэгт төслийн хэрэгжүүлэгч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлэхээр болсон.
Тэгвэл өнөөдөр (2024.02.20) Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тус төслийн Монгол дахь орлогч дарга, төслийн удирдагч, хатагтай Дуньяа Хоффман болон төслийн багийнхантай уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд тус төслийн Монгол дахь орлогч дарга, төслийн удирдагч, хатагтай Дуньяа Хоффман төслийн талаар дэлэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр “Иргэдийн төсөлд хамрагдах гол шалгуур нь, нэгдүгээрт, оршин суугчид 100 хувийн саналаар төслийг зөвшөөрсөн байх, хоёрдугаарт, угсармал байрны газар тэсвэржилтийн үнэлгээг хийсэн байх, гуравдугаарт, төсөлд хамрагдах байр заавал угсармал, нийтийн зориулалттай орон сууц байна. Төсөлд хамрагдсан тохиолдолд орон сууцны хананы дулаалгаас гадна дээврийг шинэчлэн дулаалах, холигч насос, дулаан хэмжигч тоолуур зэргийг суулгана" гэсэн юм.
Уулзалтын үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар "Манай дүүргийн хувьд 82 хувь нь байшин хороолол. 1000 гаруй орон сууцны барилга байдгаас 270 байр нь дулаан алдагдал маш их гэсэн судалгаа гарсан юм. Дээрх дулааны алдагдал ихтэй орон сууцны дийлэнх нь 1978-1982 онд баригдсан угсармал байрууд. Иргэдтэй уулзах үеэр дулааны алдагдал ихтэй байруудыг яаралтай дулаалж өгнө үү гэсэн саналыг хэлдэг юм. Харин оршин суугчид 100 хувь санал нэгдэж, дээрх төсөлд хамрагдсан тохиолдолд тухайн байрны үнэ цэнэ илүү нэмэгдэх боломжтой. Өнөөдрийн байдлаар дээрх төсөлд хамрагдахаар Баянгол дүүргийн манай дүүргийн 13 байрны (43 блок) оршин суугчид гарын үсэг зураад байна. Энэ онд 22 блокын дулаалгын ажил хийгдэхээр болсон. Иймд төслийг хэрэгжүүлэхэд дүүрэг орон нутгийн зүгээс хэрхэн яаж хамтарч ажиллах боломжтой талаар санал солилцож, бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно" гэдгээ илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна