Сүхбаатар дүүргийн хэмжээнд хүүхдийн эрх зөрчих зөрчил буурахгүй байна

info@yellow.mn
2024/02/06

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд заасан “Хүүхдийн эрх зөрчих” зөрчил Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүтэн жилийн байдлаар 419 гарч, үүнээс 159 гомдлыг хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулан, 260 гомдолд зөрчлийн хэрэг нээж шалгасан байна. Хүүхдийн эрх зөрчих зөрчил өмнөх оноос буурахгүй өсөх хандлагатай байгаад дүгнэлт хийж зөвлөмж өгсөн гэж албаны эх сурвалжаас мэдээллээ.

Зөрчлийн хэрэг нээж шалгасан зөрчлийг хуулийн зүйл заалтаар ангилбал “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зөрчих зөрчил 697 буюу нийт хэргийн 32.3 хувийг,“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” зөрчих зөрчил 743 буюу 34.4 хувийг, “Бусдын биед халдах” зөрчил 241 буюу 11.2 хувийг, “Хулгайлах” зөрчил  90  буюу 4.2 хувийг,  “Танхайрах” зөрчил 100 буюу 4.6 хувийг, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 43 буюу 2 хувийг, жагсаал цуглаан зохион байгуулах журам зөрчих зөрчил 5 буюу 0,2 хувийг тус  тус эзэлж байгаа нь хамгийн их байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2023 оны бүтэн жилийн байдлаар гэмт хэргийн шинжтэй 12850 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 3359 буюу 26.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7209 буюу 56.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 1617 буюу 12.6 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, гэмт хэргийн шинжтэй гомдлын 94.8 хувийг эцэслэн шийдвэрлэсэн  байна.

Тус дүүргийн прокурорын газраас 2023 онд 1237 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснээс анхан шатны шүүхээр 1103 хэрэг, давж заалдах шатны шүүхээр 149 хэрэг, хяналтын шатны шүүх хуралдаанаар 6 хэрэг хэлэлцэгдэж гэм буруутайд тооцож шүүхээр эцэслэн шийдвэрлэж, шүүхээс оногдуулсан ялыг төрлөөр нь авч үзвэл гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцсон 1204 хүнээс 191 хүнд хорих ял, 690 хүнд торгох ял, 149 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 112 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 59 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 84 хүнд албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж буй шалтгаан нөхцөл нь тус дүүргийн нутаг дэвсгэрт төрийн байгууллага, үзвэр үйлчилгээний газрууд, худалдааны төвүүд болон хуулийн этгээд, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олноор байршдаг, хүн амын нягтаршил, дүүргийн нутаг дэвсгэрт зорчих иргэдийн хөдөлгөөн их байдагтай холбоотой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна