Хөдөөгийн сэргэлт- “Нээлттэй Төв аймаг” уулзалт, форумд оролцогчид Төв аймгийг сонгон суурьших шалтгааныг онцолж байна 

info@yellow.mn
2023/10/13

Хөдөөгийн сэргэлт- “Нээлттэй Төв аймаг” уулзалт, форум Төв аймгийн “Монгол туургатан” театрт эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ форумаар Төв аймгийг аж ахуйн нэгж хийгээд иргэд сонгон суурьших шалтгаануудын талаар өргөн хүрээнд ярина. Энэ бол Монгол Улсын засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшигчдын амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлогоор бодитой дэмжих төлөвлөлтийн  үргэлжлэл юм.

Тодруулбал аймгууд өөрсдийн аймгийг сонгон суурьших шалтгаан, тэдгээр иргэдэд олгох боломж, давуу байдлаа танилцуулах арга хэмжээ гэж ойлгож болно. Төв аймгийн тухайд энэхүү форумын үеэр аймагтаа хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, түүнд хамрагдах, хамтарч ажиллах боломжуудыг танилцуулах юм. 2023 он гарсаар Төв аймагт Улаанбаатар хотоос 25 аж ахуйн нэгж, 800 гаруй иргэд шилжин суурьшсан байдаг. Энэ бол нийслэл хүрээтэй хаяалан орших тус аймаг Улаанбаатарын төвлөрлийг сааруулахад онцгой үүрэг хүлээж, манлайлан оролцох боломжтойг нотолж буй. Хоёр өдөр болох энэхүү форумд аймгийн удирдлагууд өндөр ач холбогдол өгч байна.

Форумыг нээж Аймгийн ИТХ-ын дарга Ц. Жамбалсүрэн үг хэллээ. Тэрбээр Төв аймаг хоттой ойр учраас иргэд шилжин суурьших дуртай байгааг онцолсон. Түүнчлэн иргэдийг ажлын байраар хангах, орон байрны асуудлыг шийдэх, ипотекийн 3 хувийн зээлд хамруулах, хүүхэд багачуудын сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэх, бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих, хөнгөлөлттэй урт хугацаатай зээл олгох гээд олон даваа тал байгааг хэлж байв. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын илгээмж уншиж сонордуулсан. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэгэн чухал зорилт бол Хөдөөгийн сэргэлт юм. Зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтээрээ улсынхаа нийслэлд хүн амын хэт төвлөрөл гаарч, хүнд асуудал үүсээд буй энэ цагт хөдөө орон нутгаа өөд нь татаж, дэд бүтцээ хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргаанд бодитой хувь нэмэр оруулах хэрэгцээ шаардлагатай болсон. Тиймдээ ч хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган зохион байгуулж, түүний үргэлжлэл болж аймгууд сэргэлтийн бодлогоо ярьж форум, хурал зөвлөгөөн хийсээр байгаа юм. Аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болоод аймагт хөрөнгө оруулалт хийх бодолтой иргэд ч энэхүү форумд өргөнөөр оролцож байна. 

Тэд мөн орон нутгийн хөгжил, аймаг , сум руу суурьших иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал олгох, хэрхэн дэмжих тухайг онцлон ярьж байлаа. Төв аймаг бол Улаанбаатарыг тойрон хүрээлсэн, хамгийн ойр хаяа залган оршдог аймаг. Энэ утгаараа нийслэлийн иргэдийн хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа газар тариалангийн болон сүү сүүн бүтээгдэхүүний тодорхой хувийг хангаж ирсэн. Тус аймагт энэ чиглэлд маш олон чухал төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Тодруулбал Хөдөө аж ахуйн өндөр технологийн төслүүд ба экспорт, Эрчимжсэн үхрийн аж ахуй, Махны цогцолбор үйлдвэр гэх мэт олон чухал төслүүдийн танилцуулга, мэдээлэл өгч байв.  Зуун мод үйлдвэр технологийн паркийн захирал Б. Артагбат л гэхэд энэхүү аж үйлдвэрийн парк байгуулагдсанаар 5000 хүний ажлын байр бий болно, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах гээд олон чухал онцлог байгааг хэлж байв.

Яагаад заавал Төв аймаг гэж? 

Төв аймаг бол нийслэл хүрээтэй хаяалан оршдог.  Улаанбаатарын төвлөрлийг сааруулахад онцгой үүрэг хүлээж, манлайлан оролцох боломжтой гэсэн үг. Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч нийт хүн амын 47.6 хувь нь амьдардаг. Сүүлийн 20 гаруй жил гэхэд нэг сая хүн нийслэлд шилжин ирж, хүн амын хэт төвлөрөл бий болсон. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр, 2017-2021 оны хооронд 19 мянган өрх буюу 32 мянга гаруй иргэн Улаанбаатар хотоос аль нэг аймаг руу шилжин суурьшсан байна. Эндээс харахад хөдөө орон нутгаа хөгжүүлж, иргэдийн амьдрах эх үүсвэр, амьжиргааны боломжийг нээгээд өгвөл иргэд заавал хот хүрээнд амьдраад байхгүй, орон нутаг руу шилжин суурьшихаар байгаа юм. За тэгвэл Төв аймаг шилжин суурьших иргэдээ ажлын байраар хангах, бизнесийн урт хугацаатай 1 хувийн хүүтэй зээл олгох, ипотекийн 3 хувийн зээлд хамруулах, газрын асуудлыг шийдвэрлэж өгөх гээд олон чухал дэмжлэг үзүүлнэ. Тэгэхээр УБ хотод үйл ажиллагаа явуулдаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд Төв аймгийн нутагт, эрчимжсэн аж ахуйн бүс нутагт үйл ажиллагаа эрхлэх боломж байна. Эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалан эрхэлж болж байна. Аялал жуулчлалын чиглэлээр гэхэд л МУ-д ирж байгаа нийт жуулчдын 80 орчим хувь нь Төв аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, манай аймгийн түүхэн газарт аялал жуулчлалын маршрутын чиглэлийн дагуу ямар нэг үйлчилгээ авч байна. Эндээс харахад аялал жуулчлал хөгжих боломжтой нутаг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна