Т.Бадамжунайн ар гэрийнхэн Ерөнхий сайдаас “Өшөө авна” гэж мессэж илгээсэн үү?

info@yellow.mn
2023/10/06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд танхимын шинэ гишүүдийн танилцуулгыг хийсэн. Ингэхдээ Хууль зүйн сайдад Б.Энхбаярыг, Хот хариуцсан сайдад Б.Дэлгэрсайхан нарын намтрыг танилцуулав. Шинээр томилогдсон сайд нарын танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон шинэ сайд нараас асуулт асууж, үг хэлсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олон хүмүүс надад хэлдэг. Энэ асуудлыг гаргаж тавьснаараа нийгмийг та нар их бухимдуулж байна. Намынхаа нэр хүндийг унагааж байгаа шүү. Намынхаа журмын нөхдүүдийг хүнд байдалд оруулж байна гэж хэлдэг. Журмын нөхдөө энэ танхимаас гаргах санал хураалтын үеэр би энд хараад сууж л байсан. Т.Аюурсайханд тэгэж хандах надад хэцүү. Байнга янз бүрийн мессэж надад ирдэг. Тэр дунд Т.Бадамжунайн гэр бүлээс “ӨШӨӨ АВНА” гэдэг мессэж надад ирсэн. Х.Нямбаатар сайд зэрэг олон хүнд ирсэн. Ийм мессэж хүлээн авах төвөгтэй байна” гэж мэдэгдсэн. Улмаар Ерөнхий сайдын энэхүү үг өчигдөр, өнөөдөр сошиалд шуугиан болж байна. Тэгвэл Т.Бадамжунайн ар гэрийхнээс үнэхээр ийм утгатай мессэж Ерөнхий сайдад ирсэн үү. Энэ талаар Т.Бадамжунайн охиноос тодрууллаа.

Тэрбээр “Би мессэж явуулсан. Гэхдээ өшөө авна гэж огт бичээгүй. Аав маань саяхан харвалт өгсөн. Тэр өдөр би Л.Оюун-Эрдэнэ рүү “Чамаас болж харвалт өглөө. Хэрэв ингээд амь нас нь эрсэдчихвэл аавынхаа амийг нэхнэ шүү” гэсэн утгатай мессэж явуулсан. Үнэхээр бухимдсан, аавыгаа өрөвдсөн. Гэтэл аавыгаа өрөвдсөн охиных нь үгээр бүхэл бүтэн Ерөнхий сайд хүн улс төр хийгээд л сууж байна. Аавынхаа төлөө хэн ч ингэж мессэж бичнэ. Гэтэл Улсын Ерөнхий сайд хүн мессэж яриад улс төр хийгээд сууж байдаг. Би энэ мессэжийг олон хүнд явуулаагүй. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр руу л явуулсан. Үнэхээр хэлэх үг алга байна” хэмээлээ.

Т.Бадамжунайн охины Ерөнхий сайдаас “Өшөө авна” гэж бичсэн гэх мессэжийг эх сурвалжаас нь хүлээн авч хүргэж байна.

Э.МӨНХТҮВШИН

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна