Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана

info@yellow.mn
2023/09/05

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллах үеэрээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Монгол Улс, бидний амьдарч буй нийгэм бүгдэд тэгш хүртээмжтэй байж иргэн бүр улс орныхоо хөгжилд оролцоотой, нэгдэн нягтарч хамтдаа урагшлах ёстой”-г онцлов. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа энэ үеэр мэдэгдэж улс төрийн бусад намуудад ч мөн уриаллаа. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн удирддаг байх, аймаг бүрд олон улсын стандарт хангасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулахаар боллоо. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, түүний холбогдох журамд аливаа байгууллагууд дэд бүтэц, нийтийн тээвэр, зам, барилга байгууламжийн тендерт оролцохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах шалгуур үзүүлэлтийг тусгайлан зааж, дагаж мөрдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагад нийт ажилтны дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаар заасныг заавал мөрдүүлэхээ Ерөнхий энэ үеэр мэдэгдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна