Д.Мөнхтуул: Өнгөрсөн сард хамгийн олон төлбөрийн баримт хэвлэгдлээ

Т.Ганцэцэг
2023/05/18

ТЕГ-ын НӨАТХ-ийн дарга Д.Мөнхтуулаас НӨАТ-тай холбоотой асуудлаар тодрууллаа.

НӨАТ-ын сугалаа шинэчлэгдсэн журмаар долоо дахь удаагаа явагдах гэж байна. Өнгөрсөн хугацааны зарим үр дүнгээс дурьдвал?

Сугалааны шинэчлэгдсэн журамд иргэдийн төлбөрийн баримтаа авах идэвхийг нэмэгдүүлэх хоёр төрлийн нэмэлт урамшуулал орж ирсэн. Олон баримт бүртгүүлсэн иргэдээ урамшуулах зорилгоор олон баримт бүртгүүлвэл хонжворын дүн их болсон. Мөн орон нутагт хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор урамшуулал таарсан төлбөрийн баримт тухайн орон нутагт хэвлэгдсэн баримтын өмнөх оны мөн үетэй харьцуулан өсөлтийн хувиар нэмэгдэл олгож байгаа. Үүнтэй холбоотойгоор баримт хэвлэлт нэмэгдэж байна. Жишээлвэл 2022 оны есдүгээр сард  65 сая баримт хэвлэгдэж, 36 сая баримтыг иргэд ибаримтад бүртгүүлж байсан бол сугалаа дахин зохион байгуулагдаж эхэлсний дараагийн сар буюу 10 сард  бүртгүүлсэн баримтын тоо 2 саяар нэмэгдсэн байна.  Бизнес эрхлэгч төлбөрийн баримтаа хэвлэх, иргэд баримтаа бүртгүүлэх нь тогтмол нэмэгдэж өнгөрсөн сар буюу 2023 оны дөрөвдүгээр сард 68 сая баримт хэвлэгдэж, анх удаагаа 40 сая давж баримтаа иргэд бүртгүүлсэн  статистик гарч байна. Өнөөдөр болох сугалааны тохиролд 40 сая гаруй төлбөрийн баримт оролцоно. 

Сугалааг шинэчилсэн журмаар явуулж эхэлснээс хойш хэдэн азтан тодорч, хэдэн төгрөгний урамшуулал авсан бэ?

Сугалааг аравдугаар сард буюу есөн сарын баримтаар явуулж эхэлсэн. Түүнээс хойш долоон удаагийн тохиролоор давхардсан тоогоор 154,686 иргэн азтан болж 16 орчим тэрбум төгрөгийн урамшууллыг авчээ. Иргэдийн идэвхийг урамшуулах зорилгоор нэмэгдсэн урамшууллын үр дүнд 2022 оны 10, 11, 12 сарын урамшууллын дүнг 2021 оны өмнөх үетэй харьцуулахад 1,2 тэр бум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарч байна.

НӨАТ-ын сугалаа шинэчлэгдсэн журмаас дахин тодруулвал?

Шинэчлэн батлагдсан “Сугалааны тохиролоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын дагуу  2022 оны  есдүгээр сараас эхлэн 8 дахь удаагаа сугалааны тохиролоор урамшуулал олгох үйл ажиллагааг зохион байгуулагдаж байна.   

Иргэдийн идэвх, оролцоог дэмжиж, итгэлийг нэмэгдүүлж, Олон баримт бүртгүүлэх тусам хожих мөнгөн дүн өснө. Тухайн сард иргэн 51+ баримт бүртгүүлсэн иргэний аль нэг баримтын сүүлийн 3 орон таарвал 60,000 төгрөг, харин 10 хүртэлх баримт бүртгүүлсэн иргэний аль нэг баримтын сүүлийн 3 орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал  авна.  

Мөн тохирол таарсан төлбөрийн баримт нь аль дүүрэг, орон нутгаас  худалдан авалт хийснээс хамаарч нэмэлт урамшуулал авна. Урамшуулал таарсан төлбөрийн баримт хэвлэгдсэн дүүрэг, орон нутгийн хуулийн хэрэгжилт сайжирч, төлбөрийн баримтын хэвлэлт нэмэгдсэн хувиар нэмэлт урамшуулал авна. Энэ хуулийн хэрэгжилтийг жигд сайжруулах хөшүүрэг болно.   

Сугалааны тохиролын арга хэмжээний зохион байгуулалтын хувьд хэрхэн явагдаж байна вэ?

Сугалааны тохирлоор урамшуулал тааруулсах үйл ажиллагааг Боловсрол ТВ-гээр орон даяар шууд, мөн   ebarimt аппликейшнээр шууд дамжуулж байна. Ингэснээр иргэд сугалааны арга хэмжээг хаана ч явсан үзэхээс гадна өөрөө хэрхэн оролцож байгаа, ил тод нээлттэй явагдаж буйг шууд хянадаг болсон. Мөн азтан буюу урамшуулал таарсан төлбөрийн баримтыг бүртгүүлсэн  иргэдийн мэдээллийг шууд харуулна. Урамшуулалаа баталгаажуулах үйлдлийг  аппликейшнаар хийх, бусад төрлийн мэдээ мэдээллийг хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай юм.  

Нэмэлт мэдээлэл

Сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд Сангийн яам, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, иргэдийн төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнд хяналт тавьдаг.   

Татварын ерөнхий хуулийн дагуу иргэд худалдан авалт бүртээ төлбөрийн баримтаа авах эрхтэй. Эдгээр баримтыг бүртгүүлж , улирал тутам төлсөн татварын 20 хүртэлх  хувийн буцаан олголт авч, сар бүр сугалаанд оролцдог.

Төлбөрийн баримт бүр 20 хүртэлх хувийн буцаан олголтгүй байдаг. Учир нь борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүрээгүй татвар төлөгч иргэдэд дан ганц сугалааны дугаартай баримтыг өгдөг. Тиймээс сар бүр сугалааг зохион байгуулах нь НӨАТ төлөгч биш иргэд, ААН-ийг иргэдийн оролцоотойгоор орлогыг тодорхойлох  гол хөшүүрэг билээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна