"Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн ХХОАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ"

Т.Ганцэцэг
2023/05/02

Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтыг хэзээнээс иргэдийн данс руу шилжүүлэх талаар Татварын Ерөнхий Газрын ОХБОХ-ийн дарга Д.Тунгалагаас тодрууллаа.

- ХХОАТ-ын буцаан олголт хэзээ иргэдийн дансанд орох вэ?

- Иргэдийн 2022 оны иргэдийн орон сууц, сургалтын төлбөр, бусад татварын хөнгөлөлтийг нийслэлд тавдугаар сарын 1-нээс эхлэн олгож байна.

Орон нутгийн хувьд буцаан олголтыг данс руу нь шилжүүлээд эхэлсэн. Одоогоор Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул, Ховд, Булган, Говьсүмбэр, Орхон, Хэнтий аймгууд буцаан олголтоо 100% аваад байна.

Төв төрийн сангийн “багц”-ын гүйлгээний дансанд  иргэдийн буцаан олголтыг санхүүжилтийг орон нутгийн Төрийн сангаас шилжүүлсэн тухай бүр Татварын удирдлагын нэгдсэн системийн тусламжтайгаар өдөрт олгох үйл ажиллагааг Татварын Ерөнхий газар нь Сангийн яамны Төрийн сангийн газартай хамтран хэрэгжүүлдэг.

- Нийт хэчнээн иргэнд хэдэн төгрөгийн татварын хөнгөлөлтийг буцаан олгохоор байна вэ?

- Хувь хүний орлогын албан татварын тайлан 2022 оны тайланг 293,963 иргэн  ирүүлснээс 54,153 иргэн нь татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргасан иргэдийн 2022 онд төлсөн 64.4 тэрбум төгрөгийн татварыг нь буцаан олгохоор байна.

Тухайлбал хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан болон барьсан 32,560 иргэнд 55 тэрбум төгрөг буцаан, төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн сургалтын төлбөр төлсөн 21,452 иргэнд 9.2 тэрбум төгрөгийн төлсөн татварыг нь буцаан олгоно.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд татварын алба “Татварын боловсролын жил” болгон зарлаж, иргэд, бизнес эрхлэгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн олон талт үйл ажиллагааны үр дүнд иргэдийн тушаасан тайлангийн тоо 222 мянгаас 294 мянга болж 33 хувиар өссөн байна.

Түүнчлэн татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд шинээр орж ирсэн зохицуулалт болох татварын хялбаршуулсан горимоор 77 мянган иргэн татвараа тайлагнасан.

Энэ нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч, татвар төлөгчийн үүргээ биелүүлсэн бол эрхээ эдлэх эрх зүйн өндөр чадамжтай болсныг харуулж байна. Жишээлбэл: Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн хандив нь баримтаар нотлогдож байгаа бол тухайн хандивтай тэнцэх хэмжээний жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг болон алсын зайн хөнгөлөлтийг үйл ажиллагааны орлоготой иргэд эдэлж эхэлсэн байна.

-Хувь хүний татвар төлөлтийг сайжруулах чиглэлээр Монголын татварын албанаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

- Татварын албанаас иргэдийн татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, татвараа тайлагнах, төлөх процессыг хялбар болгох, хөнгөвчлөх талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал төлбөрийн баримт хэвлэх кассын систем, хэвлэх төхөөрөмж ашиглах боломжгүй бизнес эрхлэгчдэд QR код үүсгэн өгч, худалдан авагч тухайн QR кодыг и-баримт аппликэйшнээр уншуулан өөртөө худалдан авалтын баримт үүсгэн авах боломж бүрдүүлсэн.

Татвар төлөгчдөд бүх төрлийн хөрөнгийн албан татварын нэхэмжлэхийг татварын төлөгчийн гар утас, цахим хаягаар хүргүүлж байна.

Түүнчлэн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо албан татвараа хялбар төлөх үйл ажиллагааг хэрэгжүүлснээр 2023 оны нэгдүгээр улирлын урамшууллаараа нийт 54,363 татвар төлөгч 755.1 сая төгрөгийн албан татвараа ямар ч гүйлгээний шимтгэлгүй төлсөн байна.

Өнөөдрийн байдлаар малчид хөрөнгийн, малын болон бусад бүх төрлийн албан татвараа ибаримт аппликэйшнээрээ  гэрээсээ төлөх боломжтой болсон.

-Иргэд хэдэн төгрөгийн татвар төлдөг вэ?

-Татварын албанд 2.9 сая иргэн татвар төлөгчөөр бүртгэлтэй байдаг. Эдгээр иргэн нь 2022 онд 3 их наяд төгрөгийн татвар төлсөн нь татварын байгууллагын улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын 33 хувийг бүрдүүллээ.

Тухайлбал орлогын татвар буюу цалин түүнтэй адилтгах орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлогоос 1.40 их наяд төгрөг, хэрэглээний татвар буюу НӨАТ, ОАТ, НХАТ-аар 1.56 их наяд төгрөг, хөрөнгийн татвар буюу ҮХЭХ, автотээврийн хэрэгсэл, галт зэвсэг, малын хөлийн татвараар 85 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна