“Үйлчлүүлж буй газрууд И-баримт өгөхгүй байна гэдэг нь орлогоо нууж байгаа хэрэг. Тиймээс иргэд худалдан авалт бүрдээ И-баримтаа заавал авч байх хэрэгтэй” хэмээн Х.Номинсувд ярьсан юм. Тэрбээр нягтлан бодогч мэргэжилтэй.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд хувиараа франчайз бизнес эрхэлж байгаа бөгөөд компанийнхаа дотоод аудитороор ажиллаж байна. Мөн бичил бизнес эрхлэгчид болон хувиараа татвар төлдөг 80 гаруй иргэдийн татварын тайланг гаргаж өгдөг хэмээн Х.Номинсувд үргэлжлүүлэн ярилаа.
И-баримт олгох ажил жигд биш байгаа учраас томоохон зах, худалдааны төв, барилгын материалын худалдаа эрхлэгчид борлуулалт бүрдээ төлбөрийн баримт олгох нөхцөлийг бүрдүүлэх талаар татварын ерөнхий газарт Тэрбээр энэ оны нэгдүгээр сард өргөдөл гаргажээ. Учир нь “Бид орлого олохын тулд тодорхой хэмжээгээр зарлага гаргадаг. Гэтэл худалдан авалт бүрдээ И-баримт авч чаддаггүйн улмаас хуулиараа зардлаа баталж чаддаггүй" гэдгийг онцолж байв. И-баримт авч, түүгээрээ зардлаа нотолж чадахгүй байгаа асуудал хувиараа бизнес эрхэлж буй Х.Номинсувдад ч, түүнтэй хамтран ажилладаг байгууллагуудад ч тогтмол тулгарч байгаа учраас “дорвитой” шийдэл гаргуулахын тулд өргөдлөө ахин гаргасаар байгаа ажээ.
И-баримт нь тухайн олгосон ААН-ийн орлогыг, түүнээс худалдан авалт хийсэн хувь хүний юм уу адилхан ААН-ийн зарлагыг баталгаажуулдаг. Тиймдээ ч татварын тухай хуулийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” хэмээн заажээ. Энэ нь “орлогоос” үл хамааран худалдаа эрхэлж буй бүхий л ААН-үүд, томоохон зах, дэлгүүр, бизнес эрхлэгчид И-баримт олгох ёстойг илэрхийлнэ. Гэтэл бид худалдан авалт бүрдээ И-баримт авдаг билүү?
2019 оны гуравдугаар улиралд л гэхэд улсын хэмжээнд 37,220 НӨАТ төлөгч бүртгэлтэй байв. Харин “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хүрээнд НӨАТ төлөгчдийн тоо 15 хувиар нэмэгдсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан энэ оны “Монголын эдийн засгийн чуулган”-ы үеэр хэлсэн. Гэсэн ч "Манайх НӨАТ төлөгч биш, хямдарсан учраас и-баримт гарахгүй шүү, и-баримт авмаар байвал 10 хувийн нэмэгдэлтэй” гэх эдгээр үгсийг хэлэн И-баримт олгодоггүй газрууд байсаар байна. Мөн газрууд манай бараа хямдарсан учраас И-баримт олгохгүй гэж иргэдийг хохироодог. Энэ бол хууль зөрчиж, орлогоо нууж байгаа бас нэг хэлбэр юм.
Хэдий НӨАТ төлөгч биш байлаа ч сугалаанд оролцох боломжтой И-баримт өгөх үүрэгтэй. Хуулиараа И-баримт олгохгүй байгаа нь энэ газруудын хувьд зөрчил бөгөөд зөрчлийн тухай хуулиар торгуулах ёстой. Даанч хуулийн хэрэгжилт хангалтгүйн улмаас ААН-үүдийн И-баримт олгох ажил жигдрэхгүй байна. НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа эрхэлж буй бизнесүүд байсаар байна.
"И-баримт олгохгүй байгаагаас үүдэж, ААН-үүд зардлаа баталгаажуулж чадахгүй хохирч байна"
Энэ нөхцөл байдлаас үүдэн нэг талд И-баримт олгохгүй байгаа, орлогоо нотлохгүй байгаа ААН-үүд хожиж, нөгөө талд татвараа төлдөг ААН-үүд зардлаа баталгаажуулж чадахгүй хохирч байна.
Х.Номинсувдын хувьд өдөр бүр захаас бараа татдаг. Тэр бүр И-баримтаа авч чаддаггүйн улмаас сарын төгсгөлд зардлаа баталгаажуулж чадалгүй НӨАТ-ын өрөнд унадаг. Түүний бизнесийн хувьд сардаа 30 сая төгрөгийн орлоготой гэж үзвэл 20 сая төгрөг нь бараа материалд зарцуулагдана. Тэрбээр бараа материалынхаа 70 хувийг захаас, үлдсэн 30 хувийг гэрээт борлуулагчдаас авдаг. Гэрээт борлуулагчид нь И-баримт олгодог бөгөөд тэрбээр зургаан сая төгрөгийн зардлаа зардал гэж тооцуулж чаддаг гэсэн үг.
Харин захаас И-баримт авч чаддаггүй учраас 14 сая төгрөгийн зардал гаргасан ч И-баримт олгодоггүй учир зардал гэж тооцогдохгүй. Тиймээс 14 сая төгрөгийн зардал нь орлого гэж харагдана. Уг нь үйл ажиллагаа эрхэлж буй бизнесүүд нийт ашгаасаа НӨАТ төлөх ёстой байтал орлогоосоо татвараа төлөн хохирч байгаа хэрэг юм.
Энэ асуудал зөвхөн Х.Номинсувдын асуудал гэвэл үгүй. Тэрбээр өргөдөл гаргахаасаа өмнө 70,000 гишүүнтэй Монголын нягтлан бодогч нарын группт И-баримттай холбоотой пост бичжээ. Пост нь 3,000 гаруй хандалт авч, “шийдмээр байна, шийдмээр байна” гэх комментууд цувсаар. Мөн Х.Номинсувдаар тайлангаа гаргадаг 80 гаруй ААН, хувь хүн И-баримт авч чадаагүйн улмаас НӨАТ-ын өрөнд унасаар байна.
Тэрбээр энэ асуудлаар сар бүр тайлан гаргахдаа ч, худалдан авалт хийгээд и-баримт олгохгүй тухайн үед нь ч татварынханд ханддаг байжээ. Гэтэл “Нэхээд авахгүй юу" хэмээн хариулдаг аж.
Мөн түүний гаргасан эхний өргөдөлд “...хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор … татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR код үүсгэн, хэвлэн уг наалтыг нааж, … цахим төлбөрийн баримтыг … олгодог болох үйл ажиллагааг улс орон даяар нэвтрүүлж … хяналт тавьж ажиллаж байна. … QR кодыг хэвлэн, байршуулж дууссан тул … худалдан авалт бүрдээ И-баримт аппликэйшнээр цахим төлбөрийн баримтыг өөрөө үүсгэж авах боломжтой … Мөн … борлуулалтын орлого 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн албан татвар төлөгчид … бүртгүүлэх үүрэг үүссэн … нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэн ажиллаж байна … Татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар онцгой анхааран ажиллаж байгааг уламжилъя” хэмээх хариуг хүргүүлжээ.
Х.Номинсувдтай холбогдсон малын өлөнгийн үйлдвэрийн тухайд гэхэд захаас өлөнгөө авдаг. Тухайн зах нь И-баримт олгодоггүй. Татварынхан бол QR кодоо уншуул гэж хэлдэг. Тэгээд уншуулах гэтэл салхи шороонд гандсаар байгаад танигдахгүй болчихсон байдаг аж. Эсвэл дороо нуучихна. Өөдөөс авбал ав, авахгүй бол боль гэдэг. Эсвэл QR кодоо уншуулна гэвэл шууд 10% нэмж хэлдэг. 70,000 боллоо гэхэд 77,000 гэж хэлдэг гэнэ. “Монголын нөхцөлд жижиг дунд бизнес эрхлэх хэцүү. Бараа тасарна. Үнэ нэмэгдэнэ. Мөнгөө төлж байгаа хэрнээ гуйж авах тохиолдол их. Ийм нөхцөлд И-баримтын хуулиа хэлээд бараагаа баримттайгаа авна гэдэг хэцүү. Бараг бараагаа ч авч чадахгүй. Сүүлдээ бүр нөгөө хэрүүлч байна гээд бүр өгөхгүй хураачихдаг ” гэж Х.Номинсувд ярив.
"И-баримт олгох ажил жигдрээгүй"
“Газрууд” И-баримт өгдөггүй учир орлогоо нотлох боломжгүй. Тиймээс орлого нь шууд өөрийнх нь орлого болно. Мөн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг үүсдэггүй байна.
Х.Номинсувд өргөдөл гаргахаасаа өмнө И-баримт аппликэйшнийг ашиглан 13 газарт гомдол гаргажээ. Одоогоор түүний хоёр гомдлыг “төлбөрийн баримтыг нөхөн олгоно” хэмээн шийджээ. Гэхдээ энэ шийдвэр нь тус хоёр газрыг цаашдаа ч И-баримт олгох хэмжээнд бус зөвхөн гомдол гаргасан Х.Номинсувд гэх иргэнд нөхөн олгохыг шаардсан шийдвэр юм.
Үлдсэн 11 гомдлын тухайд “лангууны дугааргүй худалдааны төвд адилхан нэртэй хүмүүс байгаа учир яг хэнийг нь гэж шалгахаа мэдэхгүй байна, бидэнд хүний данс шүүх эрх байхгүй” зэрэг тайлбар хэлэн зарим гомдлыг нь шийдэж чадахгүйгээ мэдэгджээ.
“Иргэд мэдээлэлгүй, татварынхан шалгахгүй болохоор И-баримтын ажил жигдрэхгүй байна. И-баримт олгох ажил жигдрээгүй. Тийм байхад та өөрөө гомдлоо гарга, кодоо уншуул гэсэн хариу өгдөг.
Гэтэл гомдол гаргаад ч шийдэхгүй, уншигддаг код ч гэж алга. Хэрвээ QR код нь байгаад уншуулъя гэхээр үнээ нэмчихнэ. Худалдан авагчийг эвгүй байдалд оруулж байгаа юм шиг. Тэгэхээр иргэд "заа яршиг" гээд яваад өгнө. Үнэхээр шударга бус байна” хэмээн үргэжлүүлэн ярьсан юм.
Тэрбээр “И-баримт олгоогүй иргэн, ААН байгууллагад хариуцлага хүлээлгэхээс гадна И-баримтгүйгээр худалдан авалт хийсэн зардлыг /падаан, дансны хуулга гэх мэтийг/-ийг үндэслэн зардалд тооцох, татвар төлөгчдийг хохироохгүй байх уян хатан бодлого чиглэл баримтлан ажиллахыг та бүхнээс хүсэж байна” хэмээх өргөдлийг ахин гаргажээ.
Гурван сар гаруй хугацаанд Х.Номинсувд Татварын ерөнхий газар, УИХ-ын төсвийн байнгын хороонд нийтдээ гурван өргөдөл гаргажээ. Түүнд Сангийн яамнаас сүүлд татвар төлөгчдийг хохироох асуудлын эсрэг онцгой анхаарч ажиллах талаар хариу хүргүүлжээ. Мөн И-баримт аппликэйшний гомдлын цэсэд зөрчил гарсан мэдээллийг тухай бүрд ирүүлж байхыг хүсжээ. Гэхдээ энэ нь зөвхөн Х.Номинсувдын асуудал биш. Иргэн бүр худалдан авалт бүрдээ И-баримтаа хэлээд авч байх, өгөөгүй тохиолдолд гомдлоо илгээж байвал И-баримт жигдрэх ажил ахицтай байх болов уу?
И-баримтын асуудлаар иргэд нэгдэж, өөрсдийн санал хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлэхийг уриалж байна.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна