Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлнэ гээд хамаг байдгаараа чардайж байхад танхимын сайдууд нь нэг нэгээрээ сөрж чангаадаг, өөр өөрийнхөөрөө өрж зогсоодог үзэгдэл гаарч байна. Кнопны квотоор сайд болсон нэг нөхөр “Миний ашиг сонирхлыг хангахгүй бол ЗГ-ыг чинь огцруулна шүү” гэж илт шантаажилдаг байсан бол бас нэг нь ковидын дараах хямралаас өндийн ядаж байгаа бизнесийн салбарыг сайдын эрх мэдлээ ашиглан тушаал шийдвэр гаргах замаар өшиглөж унагалаа.
Анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй /ХАА-н том бизнестэй/ нь тодорхой атал Х.Болорчулууныг тус салбарын сайд болгосон нь Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь том алдаа. Одоо өнөөх нь салбараа өөд татах сайд биш Засгийн газрын ажил хэрэг, нэр хүндийг доош чангаасан, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дарж чангалсан жинхэнэ саад болчхоод байна.
Яаж вэ гэвэл Х.Болорчулуун энэ оны хоёрдугаар сарын 02-нд “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/37 тоот тушаал гаргахдаа нийт бизнес эрхлэгчдэд ихээхэн хортой хоёр том агуулгыг шургуулсан байдаг. Нэгдүгээрт, ЖДҮХС-аас зээл олгох салбар, чиглэлийг нарийвчлан тодорхойлохдоо нийт бизнесийн салбарыг бус зөвхөн өөрийн яамны харъяа чиглэлүүдийг түүж оруулсан байгаа юм. Тодруулбал, тушаалын 1-р хавсралтаар баталсан салбар, чиглэлийн жагсаалтад ХХААХҮЯ-нд хамаарах хүнсний үйлдвэр, газар тариалан, хөнгөн үйлдвэр, мал аж ахуйн салбарыг л багтааж, бусад салбарыг тэр чигт нь хөсөр хаяжээ. Нэгэнт сайд нь ингээд ялгаварлачихсан учраас ЖДҮГазар зээл олгохдоо тушаалаа дагаж, энэ хязгаарлагдмал хүрээндээ л шийднэ. Уг нь энэ сан зөвхөн Х.Болорчулууны хариуцдаг салбарын сан биш Монгол Улсын хэмжээнд бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, хөгжүүлэх зорилготой шүү дээ. Гэтэл ингээд ганц сайдын дур зорго, хүсэл сонирхлоор шийддэг асуудал болж хувирлаа. Үнэхээр иймдээ тулж байгаа юм хойно энэ сангийн нэрийг өөрчилж, ХХААХҮЯ-ны дэргэдэх сан болгох хэрэгтэй. Нэр өөрчлөөд ч зогсохгүй сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүх салбарт олгосон зээлийн эргэн төлөлтөөс бус зөвхөн өөрийн яамны хамаарах дэд салбарын зээлүүдээс эргэн бүрдүүлдэг болгох ёстой. Тэгж гэмээнэ шударга ёсонд нийцнэ.
Хоёрдугаарт, тус сангаас энэ онд олгох нийт 28.4 тэрбум төгрөгийн 70 хувийг орон нутагт, 30 хувийг нийслэлд гэж хуваарилсан нь ямар ч амьдралгүй хэт механик шийдвэр. Хэдийгээр орон нутгийг хөгжүүлэх, дэмжих бодит шаардлага байгаа боловч шууд их дүнтэй зээлийн боломж олгосноор бүх асуудал шийдэгдэхгүй. Орон нутагт туршлагатай, эрсдэлээ даах чадвартай бизнес харьцангуй цөөн байдаг. Эсрэгээрээ нийслэлд ядаж л барьцаа хөрөнгө, үл хөдлөхтэй, орон нутаг, бүх чиглэл салбарт гараад бизнесээ өргөжүүлэх эрмэлзэлтэй жижиг, дундууд олон. Тиймээс тухайн дэмжлэг үзүүлж буй бизнесийн үр нөлөө орон нутгийн хөгжил рүү чиглэж, ажлын байр, татварын баазыг нэмэгдүүлж байна уу гэдгийг харах ёстой болохоос заавал орон нутгийнх байх ёстой гэж хатуу тулгах нь маш оновчгүй шийдэл. Нөгөөтэйгүүр, хөнгөлөлттэй зээлийг хамгийн шилдэг, ирээдүйтэй төсөлд л шалгаруулж олгодог учраас хөрөнгийн эх үүсвэрийг урьдчилсан байдлаар бүс нутгийн ялгаатай хатуу тогтоох нь утгагүй хэрэг. Жишээ нь, Дорнод аймгаас нэг ч олигтой төсөл ирүүлэхгүй бол, ирүүлсэн ч шалгарахгүй бол хоосон л үлдэнэ. Гэтэл 1.2 тэрбумыг хуваарилж зоочхоод “заавал ав” гээд хүлээгээд, үр ашиггүй түгжээд байж таарахгүй. Сангийн мөнгө байнга эргэлдэж байж өснө.
Энэ мэт элдэвтэй үзэгдлээс гадна хамгийн ноцтой нь Х.Болорчулууны балагтай тушаал гарснаас хойш бизнесийг дэмжих бүхий л хөнгөлөлттэй зээлүүд таг гацсан. Хөнгөлөлттэй зээлийн шаардлага хангах гэж хуруу хумсаа хуйхлан, байгаа бүхнээ барьцаалан зүтгэсэн бизнес эрхлэгчид өдгөө өр зээл, хүү торгуулийн дарамтад орж эргэж сэхэхээргүй унаж байна.
ЖДҮХС-аас өнөөдөр нэг бүтэн аймагт хуваарилж буйтай тэнцэх хэмжээний мөнгийг ганц улс төрч, эрх мэдэлтнүүд тэгшитгээд авдаг байсан цаг саяхан. Аймшигтай тэр хулгайг арай гэж зогсоогоод анги өөр болгоё гэтэл адарсан нэг сайд ахин гарч ирээд арагш чангаагаад суучихлаа. Ингэж улс орноо хорлох нь түүнд ямар ашигтай вэ? Гацаасан зээлүүдээ сонгууль дөхүүлж гаргаад гавъяа байгуулсан нэр олох гээ юү? Аль эсвэл ашиг сонирхлын өөр сэдэл сэжим байна уу? Ааш аяг, ажил үйлсээрээ ижилссэн анд Ц.Даваасүрэн шигээ бас “арван хувь” хүсээ юу? Сэргээж ядаж буй эдийн засаг, бизнесийг санаатай сөргөөд байгаа Х.Болорчулуун сайдаа огцруулж сольж чаддаггүй юм гэхэд олигтойхон ажиллуулж, оновчгүй шийдвэр тушаалыг нь одоохон засаж залруулах хэрэгтэй дээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна