Алтанбулаг, Зам-Үүдийн боомттой хатуу хучилттай зам болон төмөр замаар холбогдсон. Эрчим хүч, дулааны нэгдсэн төлөвлөлт нь бүрэн шийдэгдсэн байдал нь Дархан-Уул аймагтай хөрөнгө оруулагчид хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлдэг. Үүн дээр нь Монголын төр эдийн засгийн болон хууль эрх зүйн дэмжлэг үзүүлнэ. Энэ бол хөрөнгө оруулагчдад алдаж болохгүй боломж.
Тогтвортой байдлаа амлаж, ногоон эко шийдлээр хөгжихийг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн хөрөнгө оруулалтын форумд Япон, Солонгос Словани, Бельги, Румин, Грек, Чех улсын хөрөнгө оруулагчид оролцож байна. 06-р сарын 29, 30 болон 07-р сарын 01-ний өдрүүдэд “Тогтвортой, ногоон санхүүжилт” хөрөнгө оруулалтын форум Дархан-Уул аймагт болж байгаа юм. Нэг ёсондоо Дархан-Уул аймаг Монгол улсын засгийн газартайгаа хамтран орон нутгийн давуу талаа гадны хөрөнгө оруулагчдад танилцуулж өнөөдрөөс илүү сайхан амьдрах боломжийг иргэддээ эрэлхийлж байна гэсэн үг.
Засгийн газар нь тухайн орон нутагтаа ямар дэмжлэг үзүүлж байгаа, үзүүлэх гэж байгаа нь тодорхой, тогвортой байх нь хөрөнгө оруулагчдын гол шалгуур.
Засгийн газар 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлнө. Орон нутаг руу шилжсэн ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн 1.0 хувийн хүүтэй олгоно. Энэ бол Засгийн газраас боловсруулан УИХ-аар батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг зорилт Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэх ганц хоёр онцлох арга хэмжээ.
Аж ахуйн нэгжүүд орон нутаг руу үйл ажиллагаагаа шилжүүлж иргэд ажлын байртай, орлоготой болж сум, аймаг, нийслэл жигд хөгжих боломжийг бий болгох зорилго энд агуулагдаж байгаа юм. Цаашид иргэд хөгжил, төрийн үйлчилгээг дагаж Улаанбаатар руу нүүдэл хийхгүй болно. Энэ бол тогтвортой хөгжлийн гол үндэс.
Тус форумын нэг салбар хуралдаан “Монгол улсын тогтвортой хүнсний тогтолцоо” сэдвийн хүрээнд болж Монгол орны хүнсний хангамжийг нэмэгдүүлэх тариалангийн шинжлэх ухааны боломж, Ухаалаг зоорь, Дөрвөн улиралын ухаалаг хүлэмжийн гарааны бизнест хөрөнгө оруулах боломж, Бүс нутгийн хүнсний хангамжийн асуудлыг хөндлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна