“Эрдэнэс Таван толгой“ дахь “Хишиг-Арвин индустриал”-ын ноёрхлыг “Моннис” түлхэн унагаасан уу?
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалтад “Хишиг-Арвин индустриал” компани зай завсаргүй ноёрхон, зарлагдсан тендер бүрээс хувь хүртэж, тэрбум, тэрбумаар тоологдох мөнгийг халаасладаг байсан нь ил болсон билээ. Хоёр компанийн энэ онцгой түншлэл захирал Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарын харилцаан дээр тогтож байсан бөгөөд өдгөө энэ хоёр захирал хоёул “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдон хоригдож буй.
Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой байдал тогтоож, Ж.Ганбатыг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсноор үгүй болсон тэдний орон зайн дээр өдгөө харин “Моннис” групп тодрон гарч иржээ. Хутгах шанага нь олширч, хэмжээ нь ч томорсон байна.
Б.Ганхуягийг захирал байхад "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас цаасан материалаар зарласан таван тендерт "Хишиг арвин индустриал" ХХК оролцож, 900 гаруй тэрбум төгрөг авсан гэдэг. Тэгвэл Ж.Ганбат БЭТ-ийн үед “Моннис” групп нь “Моннис майнинг”, “Майнс ап” гэх компаниудаараа дамжуулан тендер хамах болжээ.
“Моннис майнинг” нь хөрс хуулалт хийдэг бол “Майнс ап” нь хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлдэг. Энэ хоёр компани нь маш асуудалтай, яривал хоёулаа тусдаа том сэдэв.
“Хөгжлийн банк”-наас их хэмжээний зээл авсан “Моннис майнинг”
“Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын хоёр багц тендерийг нээж, эхний багцад “Эрдэнэс майнинг оператор”, хоёр дахь багцад “Моннис майнинг” компанийг ялуулсан. Эхний багцаас “Хишиг-Арвин индустриал”-ыг санхүүгийн зөрчилтэй буюу татварын өртэй хэмээн хассан хэр нь “Хөгжлийн банк”-нд өртэй, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан “Моннис майнинг”-ийн толгойг илээд өнгөрүүлжээ.
“Моннис майнинг” нь дөрвөн жилийн өмнө “Хүчин чадлаа нэмнэ” хэмээн “Хөгжлийн банк”-наас 100 гаруй тэрбум төгрөгийн зээл авч, зориулалтын бусаар зарцуулсан байдаг.
Ер нь, “Хөгжлийн банкны хэрэг” хэмээх цуутай хэргийн бараг бүх холбогдогч нь зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байдаг бөгөөд тэдний нэг нь энэ “Моннис майнинг” юм. Энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ажил хийгдээгүй байгаа.
Гэтэл “Моннис майнинг”-тай холбоотой энэ мэт дуулианы хөөс дарагдаагүй шахам байхад “Эрдэнэс Тавантолгой” компаниас зарласан асар өндөр үнийн дүнтэй тендерт оролцож ялалт байгуулсан нь ихээхэн хардлага дагуулж байна.
Тендер шалгаруулалт дууссаны дараа, хэл ам гарах үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК мэдээлэл хийж, шалгаруулалт хууль журмын дагуу явагдсан гэж тайлбар хийсэн. Угтаа бол ЭТТ-ийн зүгээс энэ компанийг дээрх тендерт оролцуулалгүй, “Хөгжлийн банк”-ны зээлтэй холбоотой хэрэг нь нэг тийш шийдэгдтэл хүлээх ёстой асуудал байсан уу гэвэл байсан. “Хөгжлийн банк”-ны зээлтэй холбоотой зөрчлийн улмаас /хугацаа хэтрүүлсэн асуудал ч орно/ олон ААН-үүд санхүүгийн янз бүрийн хоригт орсон энэ үед шударга байх зарчим бүгдэд адил тэнцүү үйлчлэх ёстой юм.
Бас нэг асуудал байгаа нь, “Хөгжлийн банк”-наас хөнгөлөлттэй зээл авах үедээ “Моннис майнинг” “Эрдэнэс Тавантолгой”-гоос 500 гаруй тэрбум төгрөгийн ажил авчихсан хийж байсан байдаг. Ажилтай, орлоготой байх үедээ хөнгөлөлттэй зээл авч бусдын боломжийг хулгайлсан гэсэн үг.
Яагаад хулгай вэ гэхээр, “Хөгжлийн банк”-ны зээлдэгчид бүгд импортыг орлох, экспортын нэр төрлийг олшруулах замаар улс орны хөгжилд өгөөжтэй байх шалгуур тавьсан. Гэтэл “Моннис майнинг” хангалттай орлого ашигтай бизнесийн байгууллага мөртлөө их хэмжээний зээл авч, зориулалтын бусаар зарцуулсан нь ихэд анхаарал татдаг юм.
“Моннис интернейшнл”-ийн зүс буруулсан хувилбар “Майнс ап”
“Моннис” группын бүрэлдэхүүнд “Моннис интернэйшнл” нэртэй аж ахуй нэгж бий. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Засаг даргын А/23 тоот захирамжаар 8000 га газрыг “бөхөн нутагшуулах” нэрээр авч, ашигт малтмалын хайгуул олборлолт явуулах гэж байгаад баригдаж байсан энэ компани өмнө нь АНУ-аас нэг бүр нь 6.6 тэрбумын үнэтэй 5 ширхэг өөрөө буулгагч автомашин нийлүүлнэ гэж “Эрдэнэс Тавантолгой” компаниас 33.3 тэрбум төгрөг аваад БНХАУ-аас хямд үнэтэй, чанарын шаардлага хангахгүй автомашин нийлүүлсэн хэрэгт холбогдож байсан. Энэ чанаргүй машинууд нь байнга эвдэрч улмаар ажиллахгүй болсон тул “Эрдэнэс Тавантолгой” компани ЭЦГ-т гомдол гаргаж шалгуулсан байдаг.
Гэтэл энэ компанитай нэг угшилтэй “Майнс ап” хэмээх компани өдгөө “Эрдэнэс Тавантолгой”-д хүнд машин механизм нийлүүлж байна. Тухайлбал, Шилэн дансны сайтад мэдээлснээр энэ компани нь 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр ЭТТ ХК-тай 9 тэрбум 656 сая төгрөгийн үнэ бүхий бульдозер, 20 тэрбум 367 сая төгрөгийн үнэ бүхий экскаватор нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг нь БЭТ Ж.Ганбатын үед Моннис-ын Б.Чулуунбаатар хэрхэн тус компанид ноёрхлоо тогтоож эхэлснийг илтгэсэн баримт юм. Өөрөөр хэлбэл, Б.Чулуунбаатар гэгч өмнө нь нэг компаниараа “Эрдэнэс Тавантолгой”-г хохироочхоод одоо өөр нэг компаниараа хамтарч байгаа гэсэн үг.
Дээр нь нэмж хэлэхэд мөн л Б.Чулуунбаатарын “Моннис” группын “Моннис моторс” ХХК олон улсад 40-70 мянган ам.доллароор худалдаалагддаг сургуулийн шар автобусыг 130 мянган ам.доллароор нийслэлд нийлүүлэх тендерт ялан шуугиан тарьж байв.
Хүнд хувийн хэрэг гэж бий. Төр энэхүү хувийн хэрэгт нь тэмдэглэнэ гэдгээр далайлгаж, тухайн хүний гишгэсэн мөр бүхэн зөв байхыг шаарддаг. Хазгай гишгэх бүрт нь энэ механизмаа ажиллуулж дарамталдаг. Ял шийтгэл эдлэх байтугай, зээлээ хоцроож төлсөн байхад “Монгол банкны хар жагсаалт” гэгчид бичигдэж, зургаан жил санхүүгийн шоронд хоригддог.
Компани ААН дээр ч энэ зарчим үйлчилнэ. Өдөрт хэдэн арван ААН НӨАТ, ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлж дийлэлгүй дампуурч байна. Гэтэл “Моннис” групп, түүний эзэн Б.Чулуунбаатар гэгч төртэй сүлбэлдсэн /Сургуулийн автобустай холбоотой тендерт УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудалд тухайн үеийн гүйцэтгэх захирал, одоо УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нар холбогдон яригдаж байв/ этгээд хамгийн өндөр ашигтай тендерүүдийг хаман, олон компаниудаараа улсыг хохироож явна.
Хар түүхтэй, бохир улстөрчидтэй нийлж улсыг улайм цайм хохироодог “Моннис” группын охин компани болох “Моннис майнинг”-д ингэж боломж олгож байгаагаас харахад, Засгийн газар авлигатай жинхэнээсээ тэмцээгүй, нэг бүлэглэл нөгөө бүлэглэлээ түлхэж байгаа юм шиг харагдаж байна.
Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.172
Тэр их хэмжээний ажлыг хийж чадах Монгол компани олон биш. Ковид үед ЭТТ нь нүүрсээ гаргаж борлуулж чадахгүй олборлогч компануудаа зогсоосон. Одоо ажлын өгч хийлгэж өрийг нь даруулах хэрэгтэй
Хариулах