"Хөгжлийн банкны" хэрэгтэй холбоотой шүүх хурлын үеэр шүүгдэгч Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр, "Би прокурорын яллах дүгнэлттэй холбоотой юм хэлэхгүй байя гэж бодлоо. Гэтэл прокуроруудын тайлбар арай л мэдлэггүй байна даа. Би бас дөрвөн удаа УИХ-д сууж үзсэн хүн, ном журмын дагуу ажиллах юм байх гэсэн, үгүй юм. Үгсэн хуйвалдсан гээд хэрэг баглаж шидчихээд олон нийтэд зарлаад байна. Үе үеийн засгийн газрууд үйлдлээрээ л нэгдэж, нийлж ирсэн шүү дээ. Засгийн газар хуралдаж байж шийдвэр гаргадаг юм.
Би ЗГ-ын хоёр тогтоолоор буруутгагдаж байгаа. Яаж Ерөнхий сайд хүн, сайд нартайгаа хуйвалдаад сууж байх юм бэ. ЗГ-ын тогтоолоор хүнийг буруутгадаг зүйл надаас хойш бүү байг. Би хулгай хийсэн бол Ч.Сайханбилэг шиг гадаадад явж байх байлаа. Сэтгэлтэй ажилласан нь шүүгдэж, сэтгэлгүй ажилласан нь гадаадад зугаалж явна.
Зээл гээд ярьж байна. Зээл өгөнгүүт л хохирол гэж яаж үздэг юм бэ. Эдийн засгийн А үсэг ч алга. Ийм тэнцвэргүй байдалд бид яаж мэтгэлцэх юм бэ. Эдийн засаг, хуулийн чиглэлийн хүмүүсийг нэмж оруулах юм уу. Дэлгэц дээр би танилцуулга гаргаад, олон нийтэд хэлмээр байна. Бүх юм хууль, дүрмийн дагуу явсан.
Би прокурорын шатанд "Наадах чинь хэрэг биш шүү дээ" гээд нотлох баримттайгаар зургаан удаа Ерөнхий прокурорт хандсан, хүлээж аваагүй. Одоо шүүх л үлдлээ. Ингэж асуудал шийдэж болох юм уу. Бид чинь эрх биш ардчилсан улс биз дээ.
Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад яагаад прокурорын яллах дүгнэлтийг телевизээр дамжуулаад байгаа юм бэ. Бид хэрэгтнүүд юм уу, биш юм уу. Энэ 80 гаруй хүн дотор гэмгүй хүн олон бий, би өөр дээрээ жишээ авъя" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна