NGS технологийн талаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн тасгийн эрхлэгч Ц.Наранзул мэдээллээ.
ХӨСҮТ нь 2020 оны 11-р сараас энэхүү NGS технологийг нэвтрүүлэхээр ажиллаж 2021 оны 11-р сард Австралийн Засгийн газар болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр вирус судлалын лабораторид NGS технологи буюу аливаа био-организмын удмын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, түүнтэй холбоотой урвалж оношлуурыг нэвтрүүлжээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх хугацаанд ХӨСҮТ-ийн гурван вирус-судлаач Япон Улсад NGS технологид мэргэшин, дата анализ боловсруулах сургалтад хамрагджээ. Өнгөрсөн 2021 оны 12-р сард NGS технологийг бүрэн нэвтрүүлсэн бөгөөд үүний давуу тал нь ямар нэгэн биологийн биет, түүнд агуулагдаж буй удмын мэдээлэл, бидний сайн мэдэх цар тахалт SARS коронавирусийн бүрэн зураглалыг тодорхойлох юм.
Энэхүү технологийн үйл явц нь маш олон үе шатнаас бүрдсэн нарийн чимхлүүр үйл ажиллагаатай байдаг аж. Жишээ нь коронавирусний бүрэн геномын дарааллыг тодорхойлохын тулд 30 мянган урттай удмын мэдээллийг тодорхойлох лабораторийн шинжилгээг хийх ба биоинформатикын дата анализ хийх нүсэр ажил бүхий олон шат дамжлагын хүрээнд хийгддэг байна. Өөрөөр хэлбэл ПСР шинжилгээ, бүтээгдэхүүнийг цэвэршүүлэх болон бусад гээд нийт 13 шат дамжлагаар явагддаг.
Тиймээс ажиллагаа ихтэй, үнэтэй урвалж оношлуур хэрэглэгддэг учир зарцуулагдах төлбөр үнэтэй байдаг. Олон нийт үүнийг ПСР шинжилгээний технологитой андуурч ташаа мэдээлэл тарааж байна гэв. NGS технологи буюу бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээг хүн бүрд хийх боломжгүй юм. Тодорхой сорьц буюу түүврийн аргаар шинжилгээ хийдгээрээ онцлог юм. Нэг удаагийн шинжилгээ нь ихдээ 40-50 байвал эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэж үздэг байна.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна