Ү.Сарнай: Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Хэро Б.Баатар манай нөхрийг онц ноцтой гэмт хэрэгт нар байна!

info@yellow.mn
2022/12/26

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын эхнэр Ү.Сарнай Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар нарт хандан, нээлттэй ил захидал бичжээ.

Тэрээр захидалдаа:  "Шударга 5" гэх улс төрийн драм дэглэж, ард түмний тархийг МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл гэх сүржин тодотголоор угааж, "Би шударга ёсны төлөө тэмцсэнийхээ хариуд албан тушаал авахгүй" гэж камерийн өмнө худлаа ярьж байсан Л.Оюун-Эрдэнэ, мөн Л.Оюун-Эрдэнийн үеэл гэх Х.Нямбаатар нарт хатуухан үг дайхаар шийдсэнээ хүний эрх, шударга ёсыг дээдлэгч ард иргэдтэйгээ хуваалцахаар шийдлээ. Жэнко Х.Баттулгын даалгавраар АН-ыг хагалж, албан тушаалаар шагнуулсан Лу.Болд, Ж.Батзандан нарын найзууд болох Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар манай хүн, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ноцож албан тушаал, эрх мэдлээ хадгалж үлдэх башир аргаа хэрэглэсээр байна. Тэд эхлээд манай хүнийг Монголын хамгийн муухай, болж бүтэхгүй болгоныг зохион байгуулагч хүнээр тодруулж, дараа нь С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон хүмүүсийг ПР-таа ашиглаж, хаалттай хорих ангид хууль зөрчин очиж уулзаж, тэр ч бүү хэл тэднийг суллуулсан. Мөрдөн байцаалтыг дахин явуулах нэрийдлээр ялаас мулталж, С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол захиалагчийг илрүүлэхийг Ц.Нямдоржийн заавраар замхруулсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсныг хөнөөсөн алуурчдын хэргийг улс төрийн шоу болгож замхруулсан гэмтнүүд юм шүү. Энэ гэм буруутай үйлдэлдээ тэд хэзээ нэгэн цагт хуулийн хариуцлага хүлээх байх...

Хамгийн харамсалтай бөгөөд хөгийн нь Монголын улстөрчдөд илрүүлэх хүсэл огт байдаггүй энэ хэргийг илрүүлэхийн төлөө өдөр, шөнөгүй ажилласан хүмүүсийг Ц.Нямдорж тэргүүтэй "Шударга 5" дээд цэгт нь хүртэл улстөржүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалд захиалгат гүтгэлэг эцэс төгсгөлгүй явуулсныхаа "үр дүн"-д манай хүнийг ёстой жинхэнэ "Шударга бусын хонгил"-оороо оруулж, шүүхийнхнийг дарамтлан байж ял өгүүлснийг мэдэх хүмүүс нь мэднэ. Манай хүн одоо жирийн иргэн. Аавынхаа 49 хоногийг өнгөрсөн мягмар гарагт хурааж, санаа сэтгэл нь хүндхэн яваа. Гэтэл "Та улс төрийг сонирхохгүй ч улс төр танаар оролдоно" гэдэгчлэн манай хүн хошигнож хэлбэл унтаж байхдаа л гэмт хэрэгтэн болох боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэх акци хэмээх өөрөө өөртөө оноо цуглуулах жүжиг дэглээд энэ нь өөрийнх нь хүссэнээс тэс өөрөөр эргэж, үнийн өсөлт, ипотекийн зээл, татварын дарамтад туйлдаж бухимдсан иргэдийн бухимдлыг улам дэвэргэж, талбайд жагсахад айхдаа амь нь тэмцсэн Л.Оюун-Эрдэнэ "Энэ жагсаалыг Б.Хурц зохион байгуулсан" гэж Сүхбаатарын талбайд жагсагчидтай уулзахдаа улайх ч үгүй худлаа хэлсэн.
 

Өөрийгөө "Амаргүй нөхцөлд Ерөнхий сайдаар ажиллаж байна" гэж ард түмэнд тунирхдаг Л.Оюун-Эрдэнэ та энэ улсын төрийн 3 өндөрлөгийн нэг бөгөөд ҮАБЗ-ийн гишүүн гэдгээ мэдэж, ойлгож ажиллаж чаддаг уу? Монгол Улсын Ерөнхий сайд таны харьяанд тагнуулын байгууллага байдаг. Зөвхөн тагнуулаар зогсохгүй АТГ, ЦЕГ гээд хууль хяналтын байгууллага Х.Нямбаатар та хоёрын мэдэлд байна шүү дээ.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах учиртай ТЕГ, мөн цагдаагийнхан Сүхбаатарын талбайд болж буй жагсаалыг Б.Хурц зохион байгуулсан уу, үгүй юү гэдгийг дор нь шалгаж тогтоох учиртай. Гэтэл тэгсэнгүй.  Угаасаа ор үндэслэлгүй гүтгэлэг. Ерөнхий сайдын хэлсэн худлаа мэдэгдлийг үнэн болгох гэж чичрэхээсээ тагнуулынхан, хууль хяналтынхан эрхбиш ичсэн байлгүй. Харин улс төрийн хүрээнийхэн манай хүний эсрэг энэхүү гүжир гүтгэлэг бүхий "Сошиал кино"-г Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Хэро Б.Баатар нар найруулж, үеэл гэгддэг Х.Нямбаатар хэрэгжүүлж байгаа гэдгийг хэдийнэ мэддэг болсон гэх. Улс орны нийгэм, эдийн засаг өдрөөс өдөрт доройтож байхад тэд өнгөрсөн хугацаанд манай хүний эсрэг кампанит ажил зохион байгуулж, шоронд хорьж хэлмэгдүүлсэн. Энэ үнэн хэзээ нэгэн цагт баримттайгаа ил болно оо, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар аа!!! Дахин хэлье, манай хүн одоо жирийн л иргэн. Та нар манай хүнийг өмнө нь "Эрүүдэн шүүгч, яргачин, алуурчин" гэж элдвээр гүтгэн харлуулж байгаад шоронд хорьсон. Харин одоо "Зэвсгийн наймаачин, жагсаал зохион байгуулагч, Засгийн газрын эсрэг өдөөн турхирагч, тэр ч атугай 17 хүнийг нүцгэлүүлж, 2 тэрбумаар санхүүжүүлсэн" гэж хэвлэл, сошиалаар дахин гүтгэх болсны цаад учир шалтгаан юу вэ!?

"Б.Хурцыг тагнуулынхан хайж байна" гэсэн хошин драм дэглэдэг нь ямар учиртай вэ? Жирийн иргэн Б.Хурцад тэдгээр хүмүүсийг мөнгө төлөн нүцгэлүүлэх ямар шаардлага байна гэж! Энэ гүтгэлэг арай хэтэрч байгаа юм биш үү? "Махны машин"-ы удирдлага Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар та хоёрт бий.

Манай хүнийг энэ машинаараа хэлмэгдүүлэхдээ та нар ар гэр, аав, ээж, үр хүүхдүүдийг нь давхар тамлаж, хэлмэгдүүлснээ мэддэг үү? Манай хүнийг зохион байгуулалттайгаар гүтгэхээ зогсоо. Та нарын зохиосончлон тэр Н.Энхтуяа гэдэг хүнийг манай хүн таних ч үгүй, мэдэх ч үгүй. Манай хүн 2019-2022 онд АТГ-т ажиллаж байгаагүй. Б.Хурц гэдэг хүн "Шударга 5" болон Ц.Нямдоржийн улс төрийн золиос болж тэр үед шоронд хоригдож байсан! Харин энд дашрамд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагуудаас бид нэг зүйлийг хатуу шаардаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн бичсэн зохиолын дагуу мөнөөх "Шударга 5" хэмээх хуурамч дүр эсгэгч худалчууд манай хүнийг шоронд хийхийн тулд "Эрүүдэн шүүсэн хэрэг" гэх камерийн бичлэгийг дэлгэж, яг одоо манай хүний тухай "Баталгаатай мэдээлэл. Тэр эрчүүдэд мөнгө өгч нүцгэлүүлсэн хүн нь Б.Хурц юм байна. Б.Хурцыг баривчлах гэж байна" гэх худал гүтгэлэг үйлдвэрлэж сошиалаар сэвж байгаа лаивчин эмэгтэйг камерийн өмнө уйлуулж жүжиг дэглэж байсныг хүмүүс мартаагүй байх. Та нар тэр үед хөлсний лаивчнийхаа гүтгэж бичсэнчлэн ёстой л Б.Хурц гэдэг хүн баталгаатай эрүүдэн шүүгч, яргачин юм шиг ойлголтыг олон нийтэд өгч, тэднийг айдаст автуулсан.

Манай хүн яргачин биш, эрүүдэн шүүгч биш! Та нарын зүгээс манай хүний эсрэг "Хонгил"-ын түлхүүр эргэлдүүлж, хөлсний лаивчин, хэвлэлүүдийг өөрсдийн талд ажиллуулж, шоронд хийх хүслээ гүйцэлдүүлэх үед миний жаахан охид надаас аавыгаа нэхэн уйлж байсан. Настай аав нь хүнд өвчтэй, сэтгэл санаагаар унаж бие нь улам дордож байсныг энд бас хэлчихье.

 Тийм учраас Ц.Нямдорж болон Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар мэтийн "Шударга 5" гэх алиалагчид тухайн үед шүүх, прокурорыг барьцаалж, тэдэнд нөлөөлж ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй 9 хүнд холбогдох хэргийг хэрхэн шүүсэн талаарх материалуудыг улсын нууцаас гаргахыг шаардаж байна. Хүүгийнх нь нэр төрийг цэвэрлүүлж, тэнгэрийн оронд байгаа аавынх нь сүнсийг амирлуулахыг би хүний хань, хүүхдүүдийнхээ ээжийн хувьд хүсч, үүнийхээ төлөө шаргуу тэмцэх болно. Эрээ цээргүй гүтгэлэг чинь энэ улс орныг хорлож гүйцлээ. "Зэвсэг тээвэрлэлээ, муусайн дайныг дэмжигчид" гэх худал зохиол чинь манай хүнийг биш, Монгол Улсыг хорлож байгааг хэрсүү ард түмэн эрхбиш ойлгосон байх. "Монголын авиакомпани ОХУ руу зэвсэг тээвэрлэх гэж байжээ" гэх худлаа мэдээллийг Английн сайтад нэрээ нууцлан өгснөөр хэн хохирох вэ. Монгол Улс л хохирно. Тиймээс манай хүнийг улс төрийн ашиг сонирхлынхоо золиос болгож нийгэмд харлуулж, өөрсдийн даалгавраар ажилладаг лаивчид, зарим сайт, хөлсний жиргээчид, пост бичигчдээр өдөр, шөнөгүй эрээ цээргүй гүтгэлэг, доромжлол "үйлдвэрлүүлэх"-ээ зогсоохыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нараас шаардаж байна. Манай хүн Монгол Улсын жирийн нэгэн иргэн. Үндсэн хуульд заасанчлан хүн бүртэй адил хуулийн дор тэгш эрхтэй.

Хэдийгээр би улс төр огт сонирхдоггүй ч манай хүний эсрэг "Махны машин"-аа дахиад ажиллуулж эхэлсэн энэ үед ард иргэдтэйгээ гудамжинд гарч жагсахад бэлэн байна. Тэр үед би Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг огцортол тэмцэнэ.

 Өөрийг нь олон жилийн туршид хэлмэгдүүлсээр ирсэн Дамирангийн Энхбаттай холбоотой хэргийг улсын нууцаас гаргах хүсэлтийг манай хүн ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлд 2017 онд гаргаж байсан. Хариуг нь огт авч чадаагүй, эрх баригчдын ашиг сонирхол дор хав дарагдсан энэ хэргийг улсын нууцаас гаргахыг манай гэр бүлийн зүгээс дахин шаардах болно. Тийм л шударга юм бол Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар тухайн үед хэн гэдэг эрх мэдэлтэн даалгавар өгч Дамирангийн Энхбат агсныг Францаас хил дамнуулан авчирсныг ил болго. Юун зэвсгийн наймаа, "стриптиз үзүүлбэр" вэ!? Манай хүнийг удаа дараа онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж, олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар түгээж буй энэ "хогийн явдал"-ын цаана Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Хэро Б.Баатар нар байгааг улс төрийн хүрээнийхэн ч хэлж байна. Та нар энэ ард түмнийг элдэв бичлэг, киногоор талцуулж хагаралдуулж, улс орныг самарч дуусгалаа. Одоо төрийн нэрийн өмнөөс манай хүний эсрэг гүтгэлэг зохиож байгаа чинь ч бас гэмт хэрэг шүү. Ардаа Х.Нямбаатар сайд гэдэг бат хамгаалалттайдаа бардсан шантаажчин-лаивчин, Хэро Б.Баатараар дамжуулан Засгийн газраас цалинждаг хөлсний бичээчдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа үүгээр мэдэгдье. "Цаад эзэд" нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, сайд Х.Нямбаатар гэдэг нь ч илэрхий харагдаж байна” гэсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна