Монгол, Нидерланд улсын ажил олгогчдын холбооны төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

info@yellow.mn
2022/11/01

Монгол улс болон Нидерланд улсын ажил олгогчдын нэгдсэн холбоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, тус холбооны дэргэдэх Ажил мэргэжлийн стандарт боловсруулах төвийн захирал Г.Амгалан болон Нидерланд улсын ажил олгогчдын хамтын ажиллагааны хөтөлбөрийн Монгол улсыг хариуцсан менежер Мартини Робертз, тус хөтөлбөрийн дэд захирал Жозефус Ван Эрп нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийнхан өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зочилж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод зэрэг үйлдвэрлэлийн үндсэн цехүүд, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Гагнуурын сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчдийг Хүний нөөц, захиргааны хэлтсийн ажилтнууд дагалдаж, мэдээлэл танилцуулга хийв. Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн мэргэжилтнүүд үйлдвэрийн газрын нийт 1580 ажил мэргэжилд чадамжийн стандарт боловсруулсан юм. Ингэснээр чадамжийн стандарт боловсруулах болон тэдгээрийг үнэлж, шинжлэх мэргэжлийн багтай болсон байна. Эл багийн ажилтай танилцахын зэрэгцээ нэмэлт зааварчилгаа, зөвлөгөө өгч, чадамжийн стандартаа ажил мэргэжлийн стандарт болгоход нь  Нидерланд  улсын туршлагаас тусгах, цаашид хамтран ажиллах зорилготой байгаагаа Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар энэ үеэр онцоллоо. Ажлын багийнхан Чадамжийн стандартын боловсруулалт, үйл явц болон тус үйлдвэрт ажлын байран дахь ажилтнуудын мэргэжил, чадварын түвшин, гүйцэтгэл нь стандартын шалгуурыг хангаж буй эсэхэд тодорхой мэргэжлийн зөвлөгөө өгч байна. Нөгөө талаас шинээр мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай шинэ хуулийн 17-р зүйлд заасан ажилтны ур чадвар, чадамж, мэргэжлийн түвшнийг ажил мэргэжлийн стандартад суурилж тогтоох, уг стандартын хэмжүүрээр ажилтны чадвар, гүйцэтгэлийг үнэлэх тухай заалтын хэрэгжилт, үүнийг ажил мэргэжлийн стандарт болгохдоо юуг чухалчлах болон анхаарах талаар мэргэжлийн зөвлөмж өгөхөөр ажиллаж байгаа юм.  

Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллахдаа тус үйлдвэрийг түшиглэн, уул уурхайн салбарын Чадамжийн үндэсний төвийг байгуулах том зорилтыг дэвшүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт ажиллаж буй мэргэжилтэй ажилтнуудын чадамжийг тодорхойлж, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн чадамжийг сайжруулах чиглэлээр үндэсний хэмжээний Чадамжийн төвийг байгуулахаар ажиллаж байна, гэдгийг Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлага мэдээлэлдээ дурдсан. Мөн Нидерланд улсын ажил олгогчдын хамтын ажиллагааны хөтөлбөрийн Монгол улсыг хариуцсан менежер Мартини Робертз, “Ажил олгох хамтын ажиллагааны чиглэлээр Монгол улстай хамтраад, багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ажил мэргэжлийн стандартын бодит байдалтай танилцаж, энэ чиглэлээр хэрхэн хамтарч болох талаар ярилцаж, санал солилцохоор ирсэн. Тус үйлдвэрт чадамжийн стандарт нэвтрүүлэх ажил  ахицтай байгааг харлаа” гэв. 

Түүнчлэн Ажил олгогчдын хамтын ажиллагааны хөтөлбөрийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй ажил мэргэжлийн чадамжийн стандартын үйл явцыг дүгнэхдээ “Эрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарын тэргүүлэгч үйлдвэрийн хувьд энэ салбартаа чадамжтай мэргэжилтнүүдийг бий болгох, өндөр ур чадвартай ажилтнуудыг хөгжүүлэхэд чиглэсэн чадамжийн стандартыг тогтоох, үүнд үндэслэн сургалт, үнэлгээг хийдэг болох ёстой. Үр дүнд нь үйлдвэрийн бүтээмж, чанар үр ашиг дээшилж, ажилтнуудын гүйцэтгэл сайжрах юм. Бусад өндөр хөгжилтэй улс орнуудын аж ахуйн нэгжүүдэд байдаг ажилтнуудын урам зориг, чин эрмэлзэл, хүсэл тэмүүлэлтэй байх тогтолцоо нь ажил мэргэжлийн чадамжийн стандартыг нэвтрүүлснээр бий болдог. Тиймээс үүнийг Эрдэнэт үйлдвэр нэвтрүүлж байгаад баяртай байна. Бид хамтран ажиллаж, туслахад бэлэн байна” гэсэн юм. Төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон Хүний нөөц, захиргааны хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, ажлын үр дүн, цаашдын зорилго, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна