Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ирэх оны төсөвтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
-Ирэх оны төсвөөр шинэ хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Бүлгийн гишүүд энэ асуудалд байр суурь нэгтэй байгаа юу?
-Шинэ хөрөнгө оруулалтуудын тухайд ирэх он болон 2024 онд санхүүжигдэх төсөв нь төсөвт өртгөөс 30 хувиас доошгүй байна гэсэн асуудал яригдаж байна. Хүлээгдэж буй санхүүжилтийн дүн нь 1.5 их наяд. 2025 онд 233 тэрбум, нийлбэр дүнгээрээ дахиад энэ жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний буюу хоёр их наяд төгрөгийн санхүүжилтийн асуудал үлдэж байна. Бүлгийн гишүүд мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, цаашид эдгээр асуудлууд дээр ачаалал үүсгэхгүйн тулд шийдэх тодорхой шийдлийг Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиуд дээр хийх шаардлагатай гэж үзлээ.
-Тухайлбал ямар өөрчлөлтүүдийг хийх вэ?
-Төсвийн тухай хууль дээр хариуцлага, сахилга батыг сайжруулахаар хоёр, гурван зүйл заалт оруулна. Цаашдаа энэ заалтууд батлагдвал ирэх онуудаас эхлээд шинэ хөтөлбөр, төсөл арга хэмжээний асуудлууд нэг кодтой болно. Хяналтын системүүд хэрэгжээд явах бүрэн боломж бололцоо бүрдэнэ гэж үзсэн. Түүнчлэн шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийг ирэх жилүүдэд тавих тохиолдолд улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт хийгээд, барилга бүтээн байгуулалт, эсвэл тодорхой хэмжээний ажил үйлчилгээ хийж байгаа бол тухайн жилдээ энэ асуудал нь дуусдаг байхыг тавьж байгаа юм. Бүр цаад талын хугацаа нь 30 хувиас доошгүй гэхээр гурван жилийн хугацаанд тухайн ажил үйлчилгээ дуусдаг болно. Энэ жилийнх шиг тодорхой, магадгүй өнгөрсөн жилийн үүссэн цар тахлын давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэйгээр төсөвт өртөг нэмэгддэг асуудлыг хязгаарлах, зохицуулах эрх зүйн орчныг хийж өгөх асуудлыг тавьж байна.
-Энэ асуудалд аж ахуйн нэгжүүдээс санал авсан гэж сонссон. Тэд ямар санал ирүүлсэн бэ?
-Аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс тодорхой хүсэлтүүд тавьсан. Тухайн төсвийн жил эхэлснээс хойш төр өөрөө зарласан ажил үйлчилгээ дээрээ төсвийн тодотголоор тухайн санхүүжилтийг бууруулдаг асуудлууд байна. "Бид ажлаа төлөвлөөд, банкнаас зээл аваад ордог. Гэтэл төлөвлөсөн ажил нь дөрөв, тав дахин багасаад, санхүүжилтийн дүн нь буурдаг. Бид эргээд банкны хүүгийн дарамтад ордог нь төрөөс хамааралтай байна. Энэ алдаагаа засч өгөөч" гэсэн асуудал тавьж байгаа юм. Бид энэ асуудлыг цаашдаа төсвийн жил эхэлснээс хойш ямар нэг байдлаар төрөөс хийж байгаа ажил, үйлчилгээний санхүүжилтийг бууруулахгүй байх, аж ахуйн нэгжүүдээ хамгаалах үүднээс хязгаарлах заалтуудыг хориглох заалтууд оруулж өгч байна. Мөн Төсвийн тухай хууль дээр төрийн үйлчилгээний байгууллагуудад өөрсдөө орлого олж, түүнийгээ захиран зарцуулах эрхийг нь нээж өгье гэсэн зохицуулалт хийж өгч байна.Тухайлбал, Шинжлэх ухааны байгууллагууд, их дээд сургуулиуд үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.
-АН-ын бүлэг мэдээлэл хийж, “Хэт данхар төсөв болсон. Эрх баригчид Монгол Улс хэдэн төгрөгийн өртэй. Түүнийгээ хэрхэн тооцоолж төлөх вэ гэдгээ ч мэдэхгүй байна” гэж шүүмжилж байна. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Улсын төсөвт ачаалал үүсгэж байгаа асуудал бол зээл тусламж, түүний хүүгийн татаас байна. Энэ жил зөвхөн гадаадын зээл тусламжтай холбоотойгоор татааст 1.5 их наядын санхүүжилт гаргахаар байгаа. Мөн 1.8 их наядыг гадаад зээл, тусламжид зарцуулна. Иймд хөрөнгө оруулалттайгаа адил гадаад зээл тусламж дээрээ ч бид сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хяналтыг сайжруулах заалтууд оруулж өгч байна. Үүн дотроос онцолбол, УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал байна. УИХ-ын Дэгийн тухай хуулиараа өр зээлийн бодлогын асуудал Төсвийн байнгын хороонд хамаардаг мөртлөө эцсийн эцэст шийдвэр гаргалт нь Аюулгүй байдлын байнгын хороон дээр байдаг. Цаашдаа мэргэжлийн байнгын хороонд саналаа өгөөд, Аюулгүй байдлын хороо нь Төсвийн байнгын хороотойгоо хамтарч шийдвэр гаргадаг байх асуудлыг тавьж өгье гэсэн байгаа юм. Одоо бид өргөн баригдсан хуулийн хүрээнд үзэл баримтлал нь зөрчигдөхгүйгээр өөрчлөлтүүд оруулж байна. Ажлын хэсгээс төсвийн сахилга бат, олон нийтийн оролцоо, хяналт, гадаадын зээл тусламж дээр баримтлах бодлоготой холбоотойгоор тодорхой бие даасан хуулийн төслүүд өргөн барихаар нэгтгэн боловсруулаад байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна