"Реакшн" продакшны бүтээл "Чи надад хайртай" жүжиг нээлтээ хийлээ

info@yellow.mn
2022/09/16

Урлагт шинэ өнгө төрх, авьяас чадвараараа бусдаасаа ялгаран гарч ирж буй "Реакшн продакшны залуус өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр "ЧИ НАДАД ХАЙРТАЙ" жүжгээ МҮЭСТӨ-нд нээлээ. Нээлтийн үеэр ирсэн үзэгчид сэтгэл хангалуун байсан бөгөөд жүжгийн найруулга, бүжиг дэглэлт, жүжигчдийн ур чадварыг биширсээр гарсан талаараа сэтгэгдлээ цахим орчинд хуваалцжээ. 

Реакшн продакшны үүсгэн байгуулагч болох  СТА Э.Тодгэрэл, СТА Х.Цасчихэр нар энэ удаа нийгмийг соён гэгээрүүлэх, амьдралын сайн сайхан бүхнийг тодотгох, хайр дурлал, амьдралын мөн чанарыг таниулах зорилгоор Оросын нэрт зохиолч Красногоров В.С-ын "Дуулалт баатрын шунал тачаал" сонгодог мюзикл инээдмийн жүжгийг албан ёсны эрхтэйгээр найруулан дэглэжээ. Уг жүжигт Реакшн продакшны залуус болох СТА Э.Тодгэрэл, СТА Х.Цасчихэр нараас гадна Төрийн Соёрхолт ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, СТА С.Батзориг / Ишчүү /, СТА Г.Отгонцэцэг, СТА Б.Одгэрэл, СТА Э.Нямханд, А.Оргил, Э.Төрбат, Б.Цогбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Анужин нар тоглож байна. 

"Чи надад хайртай" жүжиг есдүгээр сарын 15-аас эхлэн өдөр бүр МҮЭСТ-нд тоглож байна. Реакшн продакшны хувьд салбартаа манлайлагч, шилдгүүдтэй хамтран ажилласнаараа онцлог байлаа. Ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал, найруулагчаар Д.Дашдаваа, бүжгийн найруулагчаар Ш.Баасан нар ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолыг Б.Цогбаяр , Н.Лигдэн нар бичжээ. Тайзны зураачаар Л.Батбилэг ажиллаж байгаа бөгөөд уг уран бүтээлд нийт 50 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм.

Уг жүжиг нь цэвэр инээдмийн мюзикл жанрынх учраас эндээс та ямар ч стресс мэдрэхгүй гэсэн үг. Хайрын үнэ цэн, үнэнч хайр ямар байдгийг, үнэнч хайр сэтгэлийг мэдрэхийн тулд юуг даван туулах ёстой вэ гэдгийг энэхүү жүжгээс харж болно.

Тайзнаа авьяас чадвар нь ундарсан 12 уран бүтээлч жүжгийн дүрүүдийг амилуулна. Мюзикл уран бүтээлийг бүжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Уг бүтээлд нийт 18 бүжигчин оролцож байгаа юм.Нэмж дурдахад СТА Э.Тодгэрэл жүжигт дуулагдах 12 дууны үгийг өөрөө зохиосон байна. Жүжгийн тасалбарыг ticket.mn болон МҮЭСТ-ны кассаар худалдаалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна