Эрдэнэт үйлдвэр эхний 8 сарын байдлаар 1 ИХ НАЯД төгрөг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна

info@yellow.mn
2022/09/05

Монгол улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ сүүлийн 10 жилд төсвийн орлогын 8 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Тодруулбал, цар тахлын хүнд цаг үед буюу 2020 онд нэг их наяд төгрөгийн татвар, шимтгэл, ногдол ашгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нь тухайн үед түүхэндээ хамгийн их үндэсний баялаг бүтээсэн жил болж байлаа. Тэгвэл 2021 онд энэ амжилтаа ахиулж, улс, орон нутгийн төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлсэн. Өөрөөр хэлбэл 2021 онд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон хоногт 8.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 3.4 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажилласан гэсэн үг. Энэ нь 2016 онтой харьцуулахад долоо дахин өссөн үзүүлэлт юм. 

Мөн Эрдэнэт үйлдвэр 7000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, нийт экспортын 10 орчим хувийг дангаараа бүрдүүлэн Монгол Улсын эдийн засагт жин дарах хувь нэмэр оруулаад зогсохгүй шинэ зууны хөгжил дэвшлийн түүчээ болон ажиллаж байна. Түүнээс гадна цар тахлын хүнд цаг үед айл өрх, аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, уур, ус, хог хаягдлын үйлчилгээний төлбөрт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн нь байгалийн баялагийг ард түмэндээ тэгш хүртээх, Үндэсний баялгийн сантай болох эхлэлийг тавьсан юм. 

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон эхний 8 сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэн амжилттай ажиллаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна