Л.Оюун-Эрдэнэ "гал"-аар далимдуулаад "...Багаа бүрдүүлнэ" гээд дайрчих вий?!

info@yellow.mn
2022/08/16

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио уржигдар танхимдаа солио, сэлгээ хийжээ. Японы Засгийн газар 19 сайдтай. Тэдний 14-ийг нь сольжээ. Шинэ сайд нарын ес нь анх удаа сайдаар томилогдсон байна. Харин манайхаар ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Эдийн засаг сэргээн босголтын асуудал хариуцсан таван сайдыг албан тушаалд нь хэвээр үлдээжээ. Ерөнхий сайд Кишида Фүмиогийн хийсэн энэхүү өөрчлөлтийг Японы улс төр судлаач, шинжээчид “...Энэ нь Ерөнхий сайдын стратеги төлөвлөгөөтэй холбоотой. Үүнээс болоод Японы гадаад бодлогод өөрчлөлт гарахгүй. Мөн дотоодод улс төрийн хямрал болохооргүй боллоо” гэж дүгнэсэн байна.  Манай улсын Засгийн газрын хувьд ч сайд нартаа солио, сэлгээ хийх цаг болсон бололтой. Ингэх цагийн шаардлага ч үүссэн. Шалтгааныг хамгийн түрүүнд олон улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбож ойлгож болох юм. Үүнээс гадна сүүлийн үед манай гадаад харилцаанд эерэг үр дүн цөөнгүй гарлаа. Түүнээс улбаатай эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжиж эхэлнэ. Үүнд Засгийн газар “хувийн бэлтгэл”-ээ базаах ёстой. Өөрөөр хэлбэл, том төслүүдийг саадгүй явуулахад энэ Засгийн газрын сайд нар улс төрийн даацтай, мэргэжлийн чадамжтай байх шаардлагатай. Түүнд нийцэхгүй сайд нар одоогийн Засгийн газарт бий. Ер нь бол байнга хэл амны бай болдог хэд хэдэн сайд байдаг. Асуудлаас салдаггүй. Ажил нь амждаггүй. Тиймээс л “...Засгийн газар ирж буй гал барилцдаг ганц нэгхэн сайд байна” гээд л ярьж бичээд байдаг болсон байх. Хамгийн гол нь тийм сайд нараар шалтагласан дотоодын улс төр ч ил, далд өрнөөд байгаа нь нууц биш. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ янз бүрийн хурал уулзалт дээр нэг бус удаа “...Надад хүнд үед гал барьж, асуудал шийддэг, хүчтэй сайд хэрэгтэй байна” гэж хэлжээ. Энэ талаар эх сурвалжууд ярьж, бичиж байна. 

Л.Оюун-Эрдэнийн энэ үгийг шууд утгаар нь ойлгож болох юм. Мэдээж хэрэг, Засгийн газарт “гал” барьдаг, хүчтэй сайд хэрэгтэй.   Гэхдээ түүний үгийг “орчуулаад” ойлговол үнэнд бүр ч илүү ойр болно. Юу гэхээр, Л.Оюун-Эрдэнэ ингэж хэлнэ гэдэг бол “...Танхимын сайд нараа өөрөө мэдэж томилмоор байна” л гэсэн үг. Угаасаа Засгийн газрын одоогийн танхимыг Л.Оюун-Эрдэнийн баг гэхэд хэцүү гэдэг юм билээ. Сайд бүр өөр “дарга”-тай дуулддаг. Улс төрийн хүрээнийхэн, ялангуяа намынхан нь бүгд мэднэ. Байнга л ярьж байдаг юм. Тиймээс “гал”-аар халхавчилж байгаад багаа бүрдүүлэх сонирхол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд байх магадлал өндөр. 

Нөгөөтэйгүүр, хэрвээ Л.Оюун-Эрдэнэ засгаа хөдөлгөхөөр шийдвэл процессыг яаж хийх бол?! Энэ нь улс төрийнхний анхаарлыг татаж байгаа. Тэр танхимаасаа “тоосго” сугалах уу. Үгүй л болов уу. Улс төрийн нөхцөл байдал арай ч “тоосго” сугалж аргацаахдаа тулчихаагүй байна. Тэгэхээр өөрчлөлтийг өөр байдлаар хийж таарах байх. Ямартай ч арга зам нь тодорхой болсоны дараа энэ талаар яригдах нь ойлгомжтой. 

Гэхдээ томоохон асуудалд дундын хувилбараар, хөндлөнгийн дүн шинжилгээ хийж байдаг нөхдүүд “...Засгийн газар өнөөдрийн нөхцөлд Япон маягийн сэлгээ хийвэл зөв” гэж байна. Магадгүй, ингэж солио, сэлгээ хийх нь хамгийн зөв хувилбар байж мэдэх юм. Хэрвээ тэгэх юм бол сайд нараас хэн хэн явж, хэн хэн үлдэх вэ. Түүндээ тулахад хөшигний ард мөн ч их юм болно доо. Ямартай ч “давхар дээл”-тэй сайд нар өнөөдөр өөр өөрийнхөө ачааг үүрээд явчихаж байна. Гэхдээ солио, сэлгээндээ тулахаар хэнийг нь яахыг УИХ нь, нам нь мэднэ. Харин “дан”-гуудаас лав гурав, дөрвөн сайд үлдэж магадгүй. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг салбараа хөнгөхөөн даачихдаг. “...Гадаад харилцааг маш эвтэйхэн авч яваад байна” гэж салбарынхан нь ам нээгээд эхэлсэн байна лээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх том том төслүүдээ үргэлжлүүлж таарна. Усан цахилгаан станцууд, өргөтгөлүүд, Тавантолгойн цахилгаан станц гээд түүний гардсан ажил олон бий. Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ ажлаа аваад удаагүй. Гэхдээ муугүй байна. Тэр гол нь утаагүй түлшийг хариуцна. Хэдхэн сарын дараа хүйтэрч, Б.Бат-Эрдэнэ шалгалтаа өгнө. Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын хамгийн хүнд үед маш сайн менежер хийж чадсан. Одоогийн байдлаар манай улс маскнаасаа бараг салчихаад л байна. Гэвч тахал дуусаагүй. Гол нь С.Энхболд мэргэжлийн хүн учраас эрүүл мэндийн салбарт олон өөрчлөлт эхлүүлсэн юм байна лээ. Энд тэнд энэ хэдэн сайдыг ярьж л байна.

Ер нь бол засагт хөдөлгөөн орж магадгүй. Дээр хэлсэнчлэн, гадна, дотнын “цаг агаар” нөлөөлөөд эхэлсэн. Дээрээс нь урьд өмнө байгаагүй бүтээн байгуулалт өрнөж эхэллээ. Эдгээрт Засгийн газрын чадамж чухал. Нэмээд, Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ “...Өөрийнхөө багийг бүрдүүлнэ” гээд зүт­гэ­чих магадлал өндөр дуулдаад байна. Энэ хүчин зүйлүүд нийлчихээр удахгүй засагт хөдөлгөөн орж мэдэх юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна