Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд үнийн өсөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр энэ талаар "Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний нөлөөгөөр бий болсон тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал болон геополитикийн хурцадмал байдал нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт 1990-ээд оны шилжилтийн үеэс хойш байгаагүй хүнд цохилтыг өгч байгаа нь тодорхой байна.
Инфляцын түвшин жилийн өмнө буюу 2021 оны тавдугаар сарын дүнгээр 6.2 хувь байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 15.1, Улаанбаатар хотод 16.2 хувьд хүрлээ. Энэ нь Төв банкны инфляцын зорилтоос давсан төдийгүй, сүүлийн 10 жилд болж байгаагүй хамгийн өндөр өсөлт болж байна. Инфляц 2.5 дахин өсөхөд бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж байна.
Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн нь бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд:
1. Төмс кг нь 970 төгрөгөөс 2500 төгрөг болж, 158 хувь буюу 2.5 дахин;
2. Лууван кг нь 2000 төгрөгөөс 4700 төгрөг болж, 135 хувь буюу 2.3 дахин;
3. Ургамлын тос литр нь 4300 төгрөгөөс 9500 төгрөг болж 121 хувь буюу 2.2 дахин;
4. Байцаа кг нь 3000 төгрөгөөс 5200 төгрөг болж 73 хувь буюу 1.7 дахин;
5. Элсэн чихэр кг нь 2700 төгрөгөөс 3750 төгрөг болж 39 хувь;
6. “Атар” талх ширхэг нь 1280 төгрөгөөс 1700 төгрөг болж, 34 хувь;
7. “Сүү” ХК-ийн 1 литр сүү 2830 төгрөгөөс 3600 төгрөг болж 27хувь;
8. Цагаан будаа кг нь 3650 төгрөгөөс 4600 төгрөг болж 26 хувиар үнэ нь нэмэгджээ.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ч энэ жишгээр нэмэгдсэн байна. Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ орон нутагт очихдоо тээвэр, шатахууны зардал нэмэгдэж, илүү өндөр үнээр хүрдэг.
2021 оны зургадугаар сартай харьцуулахад АИ-92, АИ-95, дизель түлшний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 164 хувь буюу 1.6 дахин нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэг суурь шалтгаан болж байна.
Түүнчлэн гадаад хүчин зүйл буюу цар тахал, хорио цээрээс үүдэлтэй тээвэр логистикийн хүндрэл болон олон улсын ээдрээт нөхцөл байдал нөлөөлж байгаа нь тодорхой юм. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ 1.7 дахин, хүнсний түүхий эдийн үнэ 76 хувиар өссөн байна. Үүнтэй холбоотойгоор инфляц дэлхийн нийтийн зовлон боллоо. Тухайлбал, АНУ болон Европын холбооны улсуудад сүүлийн 40 жилийн хугацаанд гарч байгаагүй өндөр үнийн өсөлт ажиглагдаж байна.
Хэдийгээр гадаад, дотоод шалтгаан нөхцөл байгаа, үнийн өсөлт зөвхөн монголчуудын биш, дэлхий нийтийн эмзэг асуудал болоод байгаа ч бодлого боловсруулах, хууль тогтоох үүрэгтэй Улсын Их Хурал үүнийг зүгээр хараад сууж болохгүй ээ.
Өнгөрсөн 4 дүгээр сард УИХ-аас үнийн өсөлтийг хязгаарлах хууль баталсан нь дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах зарим үр дүнд хүрсэн боловч инфляц 2022, 2023 онуудад хоёр оронтой тоонд хадгалагдах эрсдэлтэй байгааг Монголбанк болон ОУВС-гийн хийсэн төсөөллөөс бид харж болно.
Түүнчлэн үнийн өсөлт ирэх намар буюу оны эцэст хамгийн өндөр түвшинд хүрэх магадлал байгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид анхааруулж байна.
Үнийн өсөлт ийнхүү удаан үргэлжлэх нь ядуурлын түвшинг нэмэгдүүлэх нь нэгэнт тодорхой. Тухайлбал, Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн тооцооллоор иргэдийн орлого нэмэгдэхгүй үед амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэж үзсэн байна.
Иймд инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна