Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй байгаагаа эрх мэдэл байхгүйтэй холбон тайлбарлаж “Шүдгүй арслан” хэмээх зүйрлэл хэрэглэж байсан билээ. Улмаар Үндсэн хуульд нэмэлт өөрлөлт оруулан Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, өөрөө халж солих эрхтэй, “шүдтэй арслан” болсон билээ. Нэг үгээр хэлбэл одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол “шүдтэй арслан”. Түүнд тааруу ажиллаж байгаа сайдаа халж солих эрх мэдэл, энэ эрх мэдэлдээ дулдуйдан танхимаа бүрэн хянах бололмж бололцоо бий. Түүний танхимаас ажил үйлс доголдсон, тааруу яваа салбар, халж сольчихмоор, ажлыг нь сайжруулмаар сайд нар бий. Гэтэл энэ тал дээр “шүд”-ээ гаргах гэж төвдөхгүй хэр нь томилгооны асуудалд эрх мэдлээ ашиглаж суугаад иргэд бухимдалтай байна. Ийм томилгооных нь хамгийн сүүлийн жишээ Биеийн тамир улсын спортын хорооны /БТСУХ/ даргаар томилогдсон Д.Жаргалсайхан боллоо.
Түүний хувьд Монголын спортын салбарт олон жил ажиллаж байгаа боловч тарьсан гай, байгуулсан гавьяаг нь тооцвол гавьяа нь яавч илүү гарахааргүй нэгэн. Төсвийн мөнгийг цавчиж салбарынхнаа хохироох, даргын өгсөн даалгаврыг хууль бус байсан ч ёсчлон биелүүлэх нь /үүнийг “ёс зүйгээс давсан үнэнч байдал” ч гэж нэрлэдэг/ төрийн хүнд байж боломгүй чанар.
Тэгвэл Монгол төрийн гамшиг болчихоод байгаа энэ хоёр чанар Д.Жаргалсайханд байдаг. Тэрээр “Рио де Жанейро-2016” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдын хэрэгцээнд чанаргүй цүнх нийлүүлж, энэ үйлдэл нь илчлэгдэн шившиг болж байсан. Шадар сайд асан Ц.Оюунбаатар өөрийн хамаарал бүхий /төрсөн хүүгийнхээ/ “Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбоо” гэх ТББ-ын дансанд тэмээн поло тэмцээнийг дэмжих нэрээр 150,000,000 төгрөг шилжүүлэхийг үүрэгдэхэд тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан дуулгавартайгаар биелүүлж А/325 дугаартай тушаал гаргаж өгсөн байдаг.
Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газар дээрх томилгоог хийснээрээ энэ хүний гаргаж байсан үйлдлүүдийг агентлагийн дарга нар гаргаж болно гэж зөвшөөрсөнтэй адил үйлдэл хийлээ.
Нүдээ олсон томилгоо биш гэж нотлохын тулд л энэ бүхнийг дурьдсан болохоос нийтлэлийн агуулга өнгөрсний тухай биш, харин ирээдүйн тухай юм. Ирээдүйд энэ салбарт олон, олон бантан зуурагдахаас сэргийлэх нь нийтлэлийн гол агуулга болно. Энэ хүнээс зөвхөн салбарын яам биш, Засгийн газрын танхимыг ч доргиох хэмжээний ёс зүйгүй үйлдэл гарна шүү, томилгоон дээр нь “нүдээ аньж”, “шүд”-ээ нуусныхаа хариуг та ч бас хожим хүртэнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд анхааруулах гэсэн юм. Эцэст нь дахин хэлэхэд, төсвийн мөнгө “цавчиж” байсан түүх намтартай, хуулийн байгууллагад “нээнтэг”-тэй этгээд спортын салбарыг удирдах учиргүй.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна