УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төсвөө баталснаас хойш бараг ганцхан улирлын дотор хоёр удаа тодотголоо. Хэмнэлтийн мөн чанар энэ тодотголоор гарав уу. Та үүнд ямар дүгнэлттэй байна?
-18 их наяд төгрөгийн төсөв баталсан хэрнээ хэмнээд хэмнээд хоёр, гуравхан цэцэрлэгийн мөнгө хэмнэнэ гэдэг бол дарга нар өөрсдийнхөө зардлыг танаж чадахаа байсан байна, эрх баригчид мөнгө иддэг бүлэглэлүүдийнхээ барьцаанд орсон байна гэсэн үг. Хүсэл нь байгаад дийлэхээ больж. Төсөв бол орлого, зарлага. Орж байгаа орлого гарч байгаа зарлага тэнцэхийг төсвийн тэнцвэржилт гэнэ. Орж байгаа орлого буюу зэс, нүүрс, төмрийн хүдэр гэнэтхэн өсчихвөл төсвийн тодотгол хийдэг. 300 сургууль барина гэж тооцоолтол дахиад 30 сургуулийн мөнгө гарч тэрийг хаана хийх вэ гэдгийг ярихыг төсвийн тодотгол гэнэ. С
Олно гэсэн орлого асуудалтай болчихвол мөн л тодотгол хийдэг. Аль сургуулиудаа хасах вэ гэдгээ ярьдаг. Бид 30 сая нүүрс гаргана гэж байсан бол 15 сая тонн нүүрс гаргалаа. Бидний зарж төсвийн орлогоо бүрдүүлдэг бүтээгдэхүүний үнэ дэлхий дахинд өсч байна. Унхиагүй эрх баригчдаас болж экспортолж чадахгүй байгаа. Хоёрдугаарт, эд нар анхнаасаа хөөрөгдөж буруу тооцоо хийсэн байна гэсэн үг. Ийм хоёр үндэслэлтэй. Энэ удаагийн төсвийн тодотгол орж ирэх болсон гурав дахь шалтгаан бол юмны үнэ маш их өслөө. Засгийн газар, Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэг нь төгрөгийн ханш, инфляцийг тогтвортой доод түвшинд барих. Үүнийг эрх баригчид МАН-ынхан биелүүлж чадаагүй. Тэдний буруутай үйл ажиллагаанаас болж 600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүний халаасан дахь мөнгөний 200-300 мянган төрөг нь “хулгайлагдаж” байна. Өөрөөр хэлбэл, авдаг будаа, талх, сахар, гурил 30-40 хувиар өснө гэдэг бол халаасан дотор байгаа мөнгө нь эрх баригчдын буруугаас болж халаасан дотроо байхдаа хулгайлагдаж байна гэсэн үг. Ийм үед Засгийн газар уучлаарай гээд цалин, тэтгэвэр дээр тохируулга хийх ёстой. Би цалин тэтгэвэр нэм гэсэнгүй. Амьжиргааны өртөгтэй уялдуулж цалин хөлсөнд тохируулга хийх ойлголт барууны орнуудад байдаг. Цалин, тэтгэвэр хэвэндээ байгаад төгрөгийн худалдан авах чадвар унаж юмны үнэ өсөхөд хэн хохирч байна гэвэл иргэд. Хэн хожиж байна гэвэл эрх баригч Ардын намынхан хожиж байна.
Арматур, цемент, гурил ч гэдэг юмуу ямар нэгэн бүтээгдэхүүн гаднаас оруулж ирж байгаа бизнес болгонд татвар тавьдаг. Ингэхдээ өссөн үнэ дээр татвар тавьж байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар их татвар авч хожоод байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, талх хийгээд худалдаж байгаа хүний борлуулалтын орлогоос нь Засгийн газар татвар авдаг биз дээ. Үнэтэй болсон талхнаас татвар авч байгаа мөртлөө иргэдийн цалин, тэтгэврийг нэмэхгүй байна.
Энэ тохиолдолд олон улсын жишигт Засгийн газар нь “Уучлаарай. Бид барааны үнийн өссөн дүнгээр татвараа авч байгаа. Бид инфляци, төгрөгийн худалдан авах түвшинг доод түвшинд барих үүргээ биелүүлээгүйгээс болж таны худалдан авах чадвар уналаа. Засаг зөрүү мөнгийг нь өгье” гэдэг бол олон улсын эрх зүйд байдаг зүйл. Манайд энэ байхгүй учраас төсвийн тодотгол хийж байна гэж би бодсон.
-Нөхцөл байдал хүнд байна, биднээс шалтгаалахгүй хүчин зүйл үүссэн гэцгээж байна шүү дээ. Нэг талаар үнэн ч, нөгөө талаар асуудлыг өөрсдөөсөө бултуулах гэсэн үү?
-Бусад орны Засгийн газрууд дэлхий дахинд ийм байдал үүсчихлээ гээд суухгүй өөрсдөө ард түмнээ хариуцаж байна. Ингэхийн тулд иргэд тэднийг сонгосон. Бид бусад улс орны ерөнхий сайдуудыг сонгоогүй шүү дээ. Засгийн газар ийм арчаагүй байж болохгүй. Живх нэгэнт муудсан бол соль гэж үг байдаг. Живхийг хатаах гэдэггүй байхгүй юу. Энэ эрх баригчид үнэхээр чадваргүй болчихсон байна. Тэднийг солихоос өөр аргагүй байдалд орсон.
Төсвийн тодотгол бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдчихсөн байгаа энэ үед иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилготой байх ёстой. Нэгдүгээрт, энэ зорилгоо биелүүлээгүй. Хоёрдугаарт, хэмнэлтийн горимд дарга нарын зардлыг танаж чадаагүй. Гишүүд бүлэглэлүүддээ барьцаалагдсан байна гэсэн үг. Гуравдугаарт, сая төгрөгөөс доош орлоготой иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцааж олгоно гэсэн. Тэгвэл нэг сая 10 мянган төгрөгийн цалинтай хүн хохироод үлдэх юм уу. Яагаад 1.300 гэж болохгүй байгаа юм бэ. 1.300 гэчихвэл хэдэн зуун мянган хүний асуудал цаана нь яригдана. Сая гэсэн тоог хэн тогтоосон юм бэ. Үүнийг би хэлэлцэж байх үед хэлсэн. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэл бол татварын мөнгө биш. Ерөнхий сайд үүнийг шийдэх ёсгүй. Энэ бол даатгал төлөгчдийн мөнгө. Татвар бол Ерөнхий сайдаа бидний нийтлэг “зовлонг” шийдээрэй гэж төвлөрүүлж байгаа юм. Даатгал бол иргэдийн хувийн мөнгө, бусдад нь хамаагүй. Таны мөнгийг танд буцааж өгөх шийдвэрийг Ерөнхий сайд гаргах эрхгүй. Дөрөвдүгээрт, гурил, будаа, бензиний үнэ мэтхэн ярихын оронд олон улсын худалдаагаа эдийн засагжуулах хэрэгтэй. Манайхан бүгдээрээ Л.Халтар сайдыг загнаад, зэмлээд байна. Л.Халтар сайд контейнер, нүүрсээ үүрээд хил дээгүүр үсэрч гарч болохгүй шүү дээ. Харин төрийн гурван өндөрлөг ажлаа хийж, Орос, Хятад, Япон, Солонгост айлчилж худалдаа наймааныхаа хэлэлцлүүдийг шинэ шатанд гаргах ёстой. Хятад, Орос хоёр хоорондоо маш том наймаа хийнэ гээд тохирч. Рубль, юанийн гүйлгээ шууд хийнэ гээд яриад эхэлчихлээ. Яагаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Хятадад очиж хэл амаа ололцож, хилээ нээх асуудлыг ярихгүй байгаа юм. Яагаад оросууд, эсвэл бусад хил залгаа орнуудтай ярьж ойлголцоод хил наймаагаа хийж болоод байгаа юм бэ. Бид яагаад ярихгүй байгаа юм. Үүнээс болж нүүрсээ гаргаж чадахгүй Монголд орлого орохгүй байна. Орлогогүйгээс үүдэж валютгүй болж эхэллээ. Валют байхгүйгээс болж жижиг, дунд үйлдвэрлэгчид бараагаа захиж чадахгүй болчихоод байна. Монголын төрийн гурван өндөрлөг гадаад харилцаан дээр ард түмний өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлээч ээ. Үүнийг биелүүлэхгүйгээс болж бүх төмөр зам, бараа бүтээгдэхүүн зогсож байна. Нүүрс, зэс, төмрийн хүдрээ бид гаргаж чадахгүй болчихлоо.
-Төрийн гурван өндөрлөг яагаад ажиллахгүй байна?
-МАН-ынхан санаатайгаар Орос, Хятад, Япон, Солонгос гэсэн манай улсын худалдааны гол түншүүдтэй очиж яриа хийхгүй гэртээ хэвтээд байна гэж бодохгүй байна. Хаанд буруу байхгүй. Хаанд зөвлөсөн хүнд буруу бий гэдэг шиг төрийн өндөрлөгүүдэд, МАН-ынханд зөвлөгөө өгдөг хүмүүс нь тэнэг байна. Зөвлөгөө авдаг хүмүүс нь бүр тэнэг байна гэж бодож байна.
Би улс орныг чинь босгоод өгье. Надад ердөө гуравхан сар Ерөнхий сайдынхаа местийг өгчихөөч. Эсвэл Ерөнхийлөгчийнхөө местийг өгчихөөч. Гуравхан сарын дотор босгоод өгнө. Яаж гэдэг таван алхмаа би танай сонинд өгсөн өмнөх ярилцлагаа хэлсэн. Би албан тушаалд дуртайдаа ингээд байгаа юм биш. Ажлыг хурдан явуулж иргэдийн амьдралыг өөд нь татаач гэдгийг л хэлээд байгаа юм.
Төсвийн тодотголын үеэр би нэг зүйлийг хэлсэн. Төсөв гэдэг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд гэрийнхээ авдраас богц дүүрэн мөнгө авч ирээд заримыг нь хэмнэж, танамаар байна гэж яриагүй шүү дээ. Төсвийг хэлэлцүүлэхээс өмнө нийт бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллага, ажил олгогч эздийн холбоо, МҮХАҮТ-ын гишүүдийг цуглуулж бид энэ энэ салбарт хэмнэлт гаргана. Хэмнэсэн мөнгөө сургууль, цэцэрлэгт оруулмаар байна. Энэ энэ дээр татвар нэмнэ. Үүнийх нь татварыг бууруулна. Харин та нар бензинийхээ үнийг битгий өсгөөрэй гэдгийг бизнесмэнүүдтэйгээ ярьж, ойлголцох хэрэгтэй. Нөгөөдүүл болох эсэх, бэрхшээлүүдээ ярина. Үүнийг улсын гурван талт хэлэлцээр гэдэг. Үйлдвэрчин үйлдвэрчний байгууллага, ажилгүй иргэд, ахмадууд гээд тэр олон төлөөллийн байгууллагатай ярилцаж ойлголцох хэрэгтэй. Энэ жил тэтгэвэр нэмж чадахгүй нь. ЕБС-ийн сургууль дээр төсөв тавихгүй бол болохгүй байна. Тиймээс энэ мөнгийг тэтгэврийнхэн та бүхэн булаацалдахгүй биз дээ. Бид дарга нар, дэд сайдуудаа хэмнэлээ. Энэ мөнгөөр багш нарын цалинг нэмж чадахгүй нь харин эмнэлгийнхний цалинг нэммээр байна гэдгээ энэ хүмүүстэйгээ ярилцдаг байх хэрэгтэй. Шийдвэрээ харин Ерөнхий сайд өөрөө гаргана шүү дээ. Ингэж ярьж ойлголцсоныхоо дараа УИХ-д оруулж ирдэг байхгүй юу.
Би энэ улсыг босгож өгмөөр байна гэж зөндөө гуйдаг. Тийм учраас миний толгойд багтдаг. Одоо би яг тэрийгээ ярьж байна. Тэгэхгүй толгойдоо бодож байгаад, хэдэн зөвлөхүүд нь юу ч ярьдаг юм бэ мэдэхгүй тэгснээ ер нь хэмнэнэ ээ гэж орж ирдэггүй байхгүй юу. Яг улаан шугам дээр нь татвар төлөөд мөнгө өгч байгаа хүмүүс нь “хөгжмөө захиалдаг”. Тэдэнтэй зөвлөлддөг. Зовлонг нь сонс. Ажил нэхээд, ажил хаялт хийчих гээд байгаа хүмүүстэйгээ мөн ярилцдаг байх хэрэгтэй. Цалинг нь нэмж чадахгүй ч хүүхдүүдэд зориулж эмнэлэг барихаар боллоо. Өөр боломж байхгүй гэдгээ ярьж байж, ярьж ойлголцсон юмаа гурван талт хэлэлцээр гэж УИХ-д оруулж ирдэг. Ингээд хэлэлцээд баталдаг байх ёстой. Гэтэл Ерөнхий сайд, сайд нар өөрийнхөө хөрөнгийг ярьж байгаа мэт ярина гэдэг бол сайн зүйл биш.
-Хөгжлийн банктай холбоотойгоор дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхэд тэдгээр гишүүдийг та их өмөөрсөн гэх яриа гарсан. Бүр мэдээлэл ч гарсан. Гишүүдийг түдгэлзүүлж буруутай эсэхийг нь яагаад шалгуулж болохгүй гэж үзсэн юм бэ. Эсвэл үнэхээр таны эрх ашиг хөндөгдөөд байсан юм уу?
-Хөгжлийн банктай холбоотой дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхэд нууцын зэрэглэлтэй орж ирсэн. Нууц хуралдааны үеэр би юу хэлснээ хэвлэлээр яривал нууцын горимыг зөрчсөн үйлдэл болно. Үүнийг ил ярих хүсэлтийг би тавьсан. Мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой зүйлүүд нууц гээд нууцын зэрэглэлтэй хэлэлцсэн. Намайг шүүмжилж яваа хүн энэ асуудлыг хэлэлцэж байх үед нэг удаа ч орж ирээгүй. Эхнээс нь дуустал байгаагүй. Би таван цаг суусан. Хүмүүсийн хувь заяатай холбоотой, ноцтой асуудал учраас анхаарал хандуулах ёстой. Гэтэл нэг ч асуулт асуугаагүй, огт байр суурь илэрхийлээгүй, шүүмжилж, эсэргүүцээгүй мөртлөө гарангуутаа ард түмэнд нэг хүнийг муулаад баахан юм ярина гэдэг бол УИХ-ын гишүүний ёс зүйд энэ нийцэхгүй.
Нэгдүгээрт, би хэн нэгнийг өмгөөлөх, эсвэл муулах ямар ч зорилгогүй. Харин би философийн асуулт асуусан. Философийн асуулт асууя. Надад хариулаач ээ гэсэн. Тэр хүмүүс огт хариулаагүй.
Үзэл санааны асуулт асуусан. Ер нь адгийн хүн хүн ярьдаг. Дунд хүн үйл ярьдаг. Дээд хүн үзэл санаа ярьдаг. Би үзэл санаа ярихыг хүсдэг. Би гарц гаргалгаатай үйл хэрэг ярихыг хүсдэг.
-Та холбоотой юм уу, гишүүн ээ. Ер нь ихэнх гишүүд мэлзэж байгаад л сүүлд холбоотой болчих юм?
-Өнгөрсөн 20 жил намайг буруутай, зөрүүтэй гэж зөндөө л хүмүүс хэлсэн. Тэрнээс цаадах нь надтай үзэлцэж байлаа. Өнөөдрийг хүртэл нэг ч асуудлаар прокурор, шүүх яагаад дууддаггүй юм бэ. Бүгд гүтгэлэг байсан гэсэн үг. Тэр залуу одоогоос хоёр долоо хоногийн өмнө мэдэгдэл хийсэн. Энэ хугацаанд яагаад нэг ч цагдаа, шүүх, прокуророос дуудаж байцаалт авахгүй байгаа юм бэ. Энэ утгаараа тэр хүн ор үндэслэлгүй гүтгэлэг тарааж худлаа ярьсан байна гэсэн үг. Та бүхэн тэр залуу дээр очиж холбоотой гээд байгаа мэдээллийг намайг зөвшөөрсөн гэж хэлээд аваарай. Тэр хүн надтай холбоотой мэдээлэл олж авчихаад намайг хайрлаад мэдээллээ нуугаад байна аа даа, янз нь. Тэр хүн шүүгч, мөрдөн байцаагч биш биз дээ. АТГ юмуу тагнуулын мэдээлэгч биш. Тэр УИХ-ын гишүүн. Хан-Уулчууд тэр хүнийг сонгохдоо МАХН-аас гарсан цөөнхийн цөөнх, бие дааж гарсан Н.Алтанхуяг хоёрыгоо муулаад байгаарай гэж сонгоогүй байх. Эрх баригчдыг засаж залруулж, болохгүй зүйлийг нь шүүмжилж, тэмцээрэй гэж сонгосон. Хан-Уулчуудын эсрэг эрх баригчдын бууны нохой болж цөөнхийн цөөнх болсон хэдийгээ хавирганаас нь хазахыг Хан-Уулчууд даалгаагүй байх гэж бодож байна. Хөгжлийн банкнаас миний хамаарал бүхий ямар хүн зээл авчихсан юм бэ. Би мэдээгүй явна. Холбоотой гэхээр эсвэл би өөрөө ч зээл авчихсан юм уу. Эсвэл миний ямар нэгэн нөлөөгөөр хүн зээл авчихсан юм уу. Миний гэдэг ямар ч хүн тэнд байхгүй. Бүр үйлчилгээний ажилтан ч байхгүй. Ийм жинхэнэ монгол хөөрхөн гүтгэлэг тараана гэдэг бол өөрт нь тийм ч сайн зүйл биш гэж бодож байна.
-Банкны IPO гаргах хугацааг хойшлуулж байгааг та ямар дүгнэлттэй байна?
-Банкны хуулийг Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн оруулж ирсэн. МАН-ын энэ залуучууд иргэдийн төлөө сайн хууль оруулж ирсэн. Би хэдийгээр эрх баригчдыг шүүмжилдэг ч гэсэн сайныг нь сайн гэж хэлнэ. Үндсэндээ банкууд нэг, хоёрхон гэр бүлийн гарт битгий байгаач ээ. Олон олон жирийн компани, иргэдэд хувьцаа эзэмших боломжийг нь бий болгооч. Нэг хувьцаа эзэмшигч нь дээд тал нь 20 хувиас илүүгүй хувьцаа эзэмшээч. Доод тал нь таван хүн, түүнээс дээш 10, 20 хувьцаа эзэмшигч байхаар энэ хуулиар зохицуулсан. Таван банк бие биенээ хянана. Мөн тэдгээр олон хувьцаа эзэмшигч бие биенээ хянана. Ингээд ил тод байдал үүснэ. Банкны монополь юмуу ямар нэгэн эрсдэлийг хамгаалж байгаа хэрэг. Мөн ашгийг иргэдэд өгч байгаа юм. Цар тахлын хүнд үед манай том банкууд 400-500 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн тооцоо байна. Тиймээс энэ олон банкууд олон нийтэд нээлттэй байгаач ээ гэсэн хууль. Энэ хуулийг санаачилсан хүмүүсийг маш их доромжлуулж, муулуулсан. Асар их эрсдэл дундуур орж ирсэн хууль.
Банкуудыг олон нийтэд нээлттэй байлгах асуудлыг нэг жилийн дараа шийдье гэж оруулж ирж дэмжигдсэн. Энэ бол хэзээ ч энэхүү асуудал шийдэгдэхгүй гэсэн үг. Энэ бол луйвар. Таван банкныхаа боол болоод явахыг эрх баригч Ардын намынхан хүсч байна гэсэн үг. Хойшлуулахаар оруулж ирсэн үндэслэл нь “Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас активын чанарын үнэлгээ хийсэнд үндэслэж үүнийг хойшлуулах зөвлөмжийг ирүүлсэн” гэж байгаа юм. Монголын УИХ энэ оны зургадугаар сарын 30-нд банкуудаа олон нийтэд нээлттэй болгох шийдвэр гаргаад байхад УИХ-ын шийдвэрийг олон улсын банк санхүүгийн байгууллага гэдэг нэрийн дор олон улсын байгууллагууд Монголын тусгаар тогтнолыг хянаж байна гэсэн үг. Ардын намынхан гурван удаа дахин дахин санал хураалгаж хүчиндэж байж хоёр, гурван хүний саналаар илүү гаргаж шийдлээ. Ийм арчаагүй барьцаалагдсан Ардын намынхан Монголын ард түмний өмнө ичээсэй. Эсэргүүцсэн хоёрдугаарх шалгаан нь, “Хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвх сайжирч байгаа хэдий ч банкны санал болгож буй хувьцааг дотоодын хөрөнгө оруулагчид шаардлагатай эх үүсвэр дутагдаж байна” гэж байгаа юм. 430-580 тэрбум төгрөгөөр худалдана гэж тэд бодож байсан байна. Энэ хэмжээнд худалдаж авч чадахгүй үнэ нь буух гээд байна гэж байгаа юм. Ардын намын эрх баригчид банкны эздийн төлөө ярьж байна. Хямдхан тусмаа жирийн иргэд худалдаж авна шүү дээ. Бид 580 тэрбум төгрөгөөр зарах гээд байгаа юм. Одоо худалдаж авах гэж байгаа ард түмэн хямдруулж авах гээд байна гэж ярьж байна. Жилийн дараа үнэтэй заръя гэж ярьж байна. Үнийг зах зээл шийддэг. Худалдан авах гэж байгаа олон нийт шийддэг. Гэтэл олон нийт хямдхан худалдаж авах гээд байна. Үгүй шүү, бид өндөр үнэтэй зарна гэж хэлж байгаа эрх баригчид банкнуудын барьцаанд орсон байна гэсэн үг. Би гайхаж байна. Банкны реформоор олон нийтэд банкийг нээлттэй болгож, ил тод шударга болгосноороо банкны хүү бууна, үйлчилгээ нь сайжирна гэж би итгэж байгаа. Одоо монополь байна. Өндөр үнэтэй байна. Олон нийтэд ил болсноор бусад санхүүгийн үйлчилгээ болох хөрөнгийн бирж, хувьцааны зах зээл, даатгалын зах зээл, санхүүгийн бусад үйлчилгээнүүд Монголд хүчээ авах боломж бүрдэнэ. Одоо бол банк ноёлж байна. Банк энэ хэдэн шийдвэр гаргагчдыг базчихсан байна. Барьцаалах биш бүр баривчлаад авчихсан байна. Төв таван банк бий. Түүнээс хэд нь хойшлуулаач хэмээн гуйгаад, хэд нь олон нийтэд нээлттэй болохоор бэлэн болчихсон юм бэ гэдгийг асуухад нэг банк бэлэн биш байгаа гэсэн хүсэлтээ ирүүлсэн. Дөрөв нь зөвшөөрсөн гэж хэлсэн. Нэг банкнаас болж УИХ-ын гишүүд, Засгийн газар тэр чигээрээ лоббидуулна гэдэг бол Ардын намын улс төрчдийн өнөөгийн дүр төрх.
-Өнөөгийн улс төрд үзэл баримтлалаа сольдог үзэгдэл их гарах боллоо. Нам ч тэр, хүн ч тэр олон нийтэд таалагдаж байгаа тал руу л шуураад байх шиг. Саяхан ХҮН үзэл баримтлалаа сольчихлоо. Та ч мөн үзэл баримтлалаа сольсон.
-Аливаа нам гэдэг бол хүмүүсийн нэгдмэл мөрөөдөл дээр тогтдог. Битлз хамтлагийн дуучин Жон Леннон “Нэг хүн мөрөөдөхөд тэрийг мөрөөдөл гэж нэрлэдэг. Олон хүн нэг зүйлийг мөрөөдөхөд түүнийг үзэл баримтлал, бодит зүйл гэж нэрлэгдэг” гэж хэлсэн байдаг. Олон хүн нэг зүйлийг хамтдаа мөрөөдвөл тэр нь амьдралд бодитой болдог гэсэн сайхан санаа л даа. Үүн шиг олон хүмүүс нэгдэж нийлэхийг нам гэж байгаа юм. Намын үзэл баримтлалыг дарга шууд өөрчлөөд байдаг ч зүйл биш л дээ. Би үзэл баримтлалаасаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хувьсгалт нам гэдэг бол социал демократ нам. Би ардын намд орвол зүүний үзэл баримтлал мөн үү гэвэл мөн. Би үйлдвэрчний хүн. Социал демократ хүн. Гэтэл Ардын нам өнөөдөр социал демократ үзлээ баримталж байна уу, үгүй гэдэг маш ноцтой. Маш их капиталист зүйлүүд хийж байгаа. Маш их барууны алхмуудыг хийдэг. Би нэр зааж ярьж чадна. Харин Ардчилсан нам яг барууны нам мөн үү, биш үү. 10 мянган төгрөг тараах ажлыг АН санаачилсан. Барууны нам үүнийг хэзээ ч санаачлах ёсгүй зүйл байхгүй юу. Би олон жишээ ярьж чадна. Монголын намууд үзэл баримтлалаа алдчихсан.
-Та үзэл баримтлалаа хэзээ ч өөрчлөхгүй гэлээ. Ардчилсан намд ороод социал демократ хэвээрээ байж чадна гэж үү?
-АН таван намаас бүтсэн. Тэр таван намын шийдвэрлэх гол нам нь социал демократ нам байсан. Барууны нам доторх зүүн төв нь би байж болно шүү дээ. Нам дотор зүүн төв, баруун төв, төв гэж байдаг. Хэт баруун, хэт зүүнтэн ч гэж байгаа. Би зүүн төвийг баримталж байгаа. Социал демократ гэдэг үг орж байгаа. Социалист гэж би хэлсэнгүй. Нийгмээрээ ардчилсан байя гэж байгаа юм. Ардчилал доторх зүүн төв нь би байх магадлалтай. Гэхдээ би Ардчилсан намын энэ хэдэн удирдлагуудад таалагдах гэж тэдэнд тал засч хэзээ ч ажиллахгүй. Ардчилалд хайртай гишүүд дэмжигчид энэ намд байна уу, гадна нь байна уу би үргэлж дэмжиж сэтгэлээ өгч ажиллах болно.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна