"Squid game" киноны жүжигчин сайн үйлсийн аянд оролцохоор Монголд ирлээ

Т.Ганцэцэг
2022/05/06

Төрөлхийн зүрхний гажигтай ч эмнэлгийн оношилгоо, үйлчилгээнд хамрагдах боломжоор хомс хүүхдүүдийн мэс заслын зардалд зориулж хандив цуглуулах зорилготой “Beyond the borders”  төсөл санаачлагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Уг төслийн хүрээнд Монголын үндэсний уран зургийн галерей, “Бундан” сан, “Адоре” брэнд “Янжиндулам” ТББ  хамтран ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд мэс засал шаардлагатай 10500 хүүхэд бүртгэлтэй байдаг бөгөөд уг хандивын, сайн үйлсийн төслөөр 10-15 хүүхдэд мэс засал хийх зардлыг “Бундан” сангаар дамжуулан олгох зорилготой ажээ. Нэг хүүхдийн мэс засалд дунджаар 5300 ам.доллар зарцуулдаг байна.

Тэгвэл энэхүү сайн үйлсийн хандивын аянд оролцохоор БНСУ-ын зураач И Юн Жон болон БНСУ-ын жүжигчин, "Squid Game" киноны Али Абдулын дүрээр олон улсын үзэгчдийн танил болсон жүжигчин Анупам Трипати,  “Лэйк К” корпорацын ерөнхий захирал И Чэ Гю нар манай улсад иржээ.

“Beyond the borders” сайн үйлсийн төслийн хүрээнд БНСУ-д төдийгүй олон улсад танигдсан, абстракт, контэмпорари чиглэлээр туурвидаг залуу зураач И Юн Жоны уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнг энэ сарын 10-24-ний хооронд Монголын үндэсний уран зургийн галерейд дэлгэнэ. Үзэсгэлэнгийн үеэр уран зургийн дуудлага худалдаа бүхий “Contemporary night” үдэшлэг болно.  Үзэгчид зураачийн уран бүтээлийн ертөнцөөр аялах боломжтой бөгөөд орлогыг  “Бундан” санд хандивлах юм. Мөн АСЕМ-д Монголын гольфын ассоциацын дэмжлэгтэйгээр гольфын тэмцээн, Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд “A day in nomad wilderness” аялал, амралт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна