Р.Эмүжин: Их хотыг ингэж удирдахгүй ээ, ийм мээр гэж юу байхав

info@yellow.mn
2022/04/27

Гурван сая хүний зургаан сая чих сонссон доо, яах аргагүй л Туул голыг сувагчилж, хиймэл нуур байгуулаад, усан завь уралдуулна гэсэн. Гэтэл яав, ард түмэн аргагүй марзан болоод дуусав.

Нийслэлийн мээр болсныхоо дараахан Туул голын эрэг орчмын газруудыг тохижуулна гэсэн. Гэтэл яав, хоёр жил шахам хугацаа өнгөрчихөөд байхад ховдоглож хашсан газрын наймаачдын хашаа яг хэвээрээ, яах аргагүй янзандаа.

Энэ хавар л гэхэд зуслангийн болон хотын төвийн зам дээр зөрчил гаргасан нэрээр гурван ч торгуулийн хуудас зөвхөн надад ирчихээд байхад бүх камер ажилгүй гээд бүүр бүлтэрч байна.

Шинэ оны өмнөхөн нийгмийн даатгалаас шомбодсон бүх өрөө төлчихлөө гээд бүдүүн дуугарсан, бүрэн сурталчилгаа явуулсан. Гэтэл яав, Монголбанкнаас 14 тэрбумыг зээлж аваад түрүүчийн өрнийхөө хормойг нөхсөн нь илэрсэн.

Нэг хэсэг "Би бол Сумъяабазар" гэж ирээд бэлчээрийн үхэр шиг баахан хашгирсан. Гэтэл яав, бид л зохион байгуулалттайгаар циркийг дүүд нь өгчихөөд, зохион байгуулалттайгаар дайрсан болоод өнгөрсөн. Үнэндээ бол энэ хүн 2020 оны 10 дугаар сард нийслэлийн мээр болохын тулд УИХ-ын гишүүнээсээ татгалзан байж хотын захирагчаар ирсэн. Холын санаа нь дампуурч байсан хувийн банкиндаа нийслэлийн төсвийн мөнгийг байршуулан аврах арга ядсан нүүдэл гэж улстөрийнхөн ил, далд углуургатай тайлбарласан.

Нийслэлд ирээд юу хийв? Өглөөний гудамжаар өчнөөн өдөр гоёлоо. Хэдэн гарааш буулгалаа. Хүүхдийн паркийн хашааг хүч түрэн ачаад явахдаа газрын наймаанд гар дүрсэн байж болзошгүй гэсэн хардлага халааснаасаа цухалзууллаа.

Хотын захиргааг нүүлгэхгүй гэж томорч байснаа сарын дараа хамаг юмаа ачаалаад хаяагаа задгай хаяад арилж өгсөн. Одоо бүүр Яармаг дахь нөгөө шинэ байшингийнхаа нэг давхрыг бүрэн эзэлсэн нэлээн том хэвлэлийн багтай болсон. Хэмнэж байгаа нь энэ үү, хэлхэлдэж байгаа нь энэ үү, хэлээд аль?

Давс цацдаг шинэ машин авахгүй бол амьд хүнээр араа шүдний үүрэг гүйцэтгүүлээд байж болохгүй ээ гээд өвөлжин нийтээрээ эсэргүүцсэн. Гэтэл яав, хэдхэн хоногийн дараа арга ядсан хаалтны цаана ТҮК-ийн ажилчнаа нуучихсан, гай болоод гар нь бариад өгсөн.

Өчигдөр нэвтрүүлэгт орохдоо нийтийн тээврийн талаар өгсөн мэдээллийг нь өнөөдөр Улаанбаатар смарт картынхан үгүйсгээд хэвлэлийн бага хурал хийчихлээ.

Үе үе жүжиг тавина, үргэтэл сайхан загнаж зандарна, өнөө бичлэгээ өчнөөн тордоод цацна, өөрийгөө болчихлоо гэж төөрөлдөөд өгзөг нүцгэн гүйгээд байна шүү дээ.

Нөгөө хашилт хаадаг нээдэг онигоо яалаа, нүдний нулимс бартал нийт олныг инээлгэсэн гэж яав аа. Их хотыг ингэж удирдахгүй ээ, ийм мээр гэж юу байхав.

Өөртөө баахан дайсан бодож олно, өчнөөн тэмцэл зохионо. Бодит амьдралд амьдраад байна уу, бодол дотроо төөрөөд явна уу? Хувийн өр шир, өш хонзон, өгөө аваа, өгөөш олзтойгоо хувьсгалын ажлаа хэт их холиод, хэлэмгий их шунахаар самуурна гээч нь болдог юм болов уу?

Зөндөө сайхан мөрөөдөл ярьлаа, зөвлөлдөх уулзалтыг хэдэн арваар нь хийлээ. Энэ мэтээр шүүмжлээд эхлэхээр эргүүлээд гүтгэж гөрдөх, эвлүүлэг хийж элдвээр цацах муу аргандаа мундаг сайн гэж яана.

Одоо ингээд бичихээр Увсчин Хүрэлбаатар, ууж иддэг Амарсайхан хоёртойгоо хардаад хоёр гараа зангидаад нанчилдаад ороод ирнэ, намаа тэврээд хэвтэнэ дээ. Мань мэт нь хүртэл алийн болгон шүүмжилж байхав гээд сэтгэл зовно шүү дээ. Амаа тас хамхиад, баруун тархиа зүүн тархиараа тагхийтэл удирдаад, баруун гараа зүүнээр нь тасхийтэл зуураад хэсэг гүрийнэ, тэгээд тэсэхгүй ээ, хааяа хэмх дэлбэрнэ, хэзээ мөдгүй эргүүлээд элдвийн зохиолоор балбуулна, барьж идүүлнэ дээ хөөрхий.

Ингэхэд юу гээч, энэ хүнийхээ сэтгэцийн байдлыг шалгуулж, хариуг нийслэлчүүдэд мэдээлэх нь МАН-ын үүрэг болж таарч байна даа. Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрөх багадаад хэдхэн хоногийн наана цаана хэд хувирна гэсэн чинь юу гэсэн үг үү? Ийм сандруу юм уу, эсвэл сэтгэцийн эмч нарын олон улсын хэллэгт багтдаг сэтгэлзүйн эмгэгийн өөр шинж тэмдэг ингэж илэрдэг юм уу?

Р.ЭМҮЖИН



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.75
    2022/04/29

    Ерөнхий сайд гуай ямар хүнээр хотын дарга тавьсанаа хараач ямарч боловсрол байхгүй хүний бичиж өгсөн юмыг учрыг ньч олоод уншиж чадахгүй ээ чааваас гэж энэ эргүүгээ солиочээ

    Хариулах
  • 202.9.41.143
    2022/04/28

    үнэхээр маанаг гайхал.... нүдний шил зүүчихээр ухаантай юм шиг, авчихаар маанаг царай тодруулсан.

    Хариулах
  • 118.103.197.96
    2022/04/28

    8 r angi l tugssun hun shu dee!

    Хариулах
  • 202.21.110.2
    2022/04/28

    Ийм хөлдүү боловсролгүй махан толгой хулгайчаа солийч

    Хариулах
  • 103.212.116.111
    2022/04/28

    энэ маанаг гайхлаа солиочээ.Яагаад байлгаад байдаг юм.Оюуэрдэниин толго ч энэнээсээ дээрдэхгүй.ман-нам ийм хачин хөгийн юмсаар яанаа.Тэр боловсролын дэд сайд гэж хэцүү юм бас байна.Өөриигөө хэн гэдгээ ч мэдэхгүй юмс их болжээ.

    Хариулах