ЖДҮ-чин О.Батнасан шинэ төмөр замаар ийн тоглож байна!

info@yellow.mn
2022/04/14

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын галт тэрэг аялалдаа гараагүй шахам байхдаа осол аваар, авлига, хууль бус зүйлд нэр холбогдоод эхэллээ. “Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй” гэгчээр ЖДҮ-д холбогдон УИХ-д нэр дэвших эрхээ хасуулсан (МАН-ын хувьд улс төрийн ялтан) Отгойн Батнасан гэдэг этгээд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар очсон. МАН-ын удирдлага ЖДҮ-д холбогдсон нөхдөд албан тушаал өгөхгүй гэж байсан ч О.Батнасан ямар аргаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар хэрхэн очсныг чөтгөр мэдэх биз ээ.

Төмөр замд хамааралгүй шахам О.Батнасангийн “Монголын төмөр зам” ТӨХК-д 3-4 осол гарч олон нийтийг цочоосон байдаг. Тухайлбал З-р сарын 27-нд галт тэрэг замаасаа гарсан. Үүнийг төмөр замд байдаг энгийн “ГОЛОГДОЛ” гэдэг үйл явц гэсэн ухааны тайлбар хийсэн. Төмөр замд галт тэрэг замаасаа гарах нь энгийн зүйл бол төмөр зам тавих хэрэг байсан уу гэлтэй.

Шинэхэн төмөр зам дээр нэг удаагийн осол аваар байдаг зүйл гэж тайлбарлаж болох ч арваад хоногийн дараа дахиад осол гарав. Үүнийгээ дээд удирдлага Засгийн газар, яамнаасаа тас нуугаад өнгөрсөн байх юм. Тухайлбал 6022 дугаар галт тэрэг 2022 оны 04.9-10-нд шилжих шөнө сумаа зүсэн алга болсон байх юм. Сум гэдэг төмөр зам дээрх маршрут, шилжүүлэг юм. Гэтэл заасан чигт бус (Энгийн ойлголтоор улаан гэрлээр) давхисан галт тэргийг зогсоон шалгахад шал согтуу машинист, найруулагч, сумчин нар давхиж явжээ.(Гурван шил 0,75-тай архи хуваан цохижээ. Тэгэхдээ зам дагуу зогсон дэлгүүрээс архи авсан нь онгоцоор айл хэсч чоно хөөсөн түүхийг санагдуулна)

Хэрвээ галт тэрэг зогсоогүй аваас (Нэг нөхөр гар даллан гүйж зогсоосон гэнэ) өөр нэг галт тэрэгтэй бяц мөргөлдөж томоохон осол болох байсан талаар тэнд ажилладаг төмөр замчид ярьж байна. Төмөр замчид энэ ослын талаар хэвлэлээр гараагүйд ихэд гайхан ярьцгаасан юм. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК барих тусгай зөвшөөрөлгүй, зүгээр төмөр замын ажлын захиалагч статустай. Гэтэл Ховдын бүлэглэлийн нэр бүхий төлөөлөгч О.Батнасан ачаа тээврийн гэрээнд гарын үсэг үзэглэн янцаглаж яваад гайхаж буйгаа л илэрхийлж байгаа юм.

Хэрвээ галт тэргүүд мөргөлдсөн осол гарах аваас “явуул”-ын О.Батнасан хариуцлага хүлээх үү. Жолооны үнэмлэхгүй жолоочтой адилтгаж болох ч ийм эрхийг Засгийн газар өгөөгүй ч хараагүй мэт суугаагүй нь юуны учир вэ. Төмөр зам сахилга хариуцлага, тооцоолол см-ээр зөрөх ёсгүй байтал тал дундуур дураараа давхисан, төмөр замгүй газраар жим гаргах дөхөөд буйн хариуцлагыг хэн хүлээх вэ. Бүх буруугаа говийн хөрс, цэргүүдийн хийсэн бүтээн байгуулалт руу чихээд өнгөрч боломгүй санагдана.

Сая гэхэд чингэлэг тээврийн “Калмар” машин шатаж орхив. Машин шатсан жижиг сажиг “Гологдол” мэт харагдавч эдийн засгийн хохирол, цаг хугацаа, олон түмний итгэл хаврын хавсаргатай цуг хийссэн алга болж буйг хэн тооцох юм бэ. Монголын эдийн засгийг аврах сайхан нэртэй Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам “Мордохын хазгай” болох вий дээ.

ЭХ СУРВАЛЖ: Б.ЖАРГАЛСАЙХАН



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна